Ноолуурын санхүүжилтийг векселиэр баталгаажуулах гэрээ байгуулав

Х.Есү
7 цаг 46 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, арилжааны банкууд болон үйлдвэрүүд хооронд ноолуур худалдан авалтыг нэмэгдүүлэн, самнасан ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр санхүүжилтийг векселиэр баталгаажуулж төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээг албан ёсоор байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гэрээнд гарын үсэг зурав. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр “Засгийн газраас баримталж буй цагаан алт болсон малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж,  дотооддоо нэмүү өртөг шингээх бодлого амжилттай хэрэгжиж байна. 

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон 330 тэрбумын эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл болон өөрсдийн хөрөнгөөр 5000 тонн ноолуур бэлтгэгдсэн нь Монголын дотоодын үйлдвэрүүд анх удаа ноолуурынхаа 50 хувийг бэлтгэж чадсан тохиолдол боллоо. Цаашид үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх, түүхий ноолуур бэлтгэх асуудлыг шийдвэрлэхэд санхүүжилтийн нэмэлт бүтээгдэхүүн болох векселийг гаргах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. 

Санхүүжилтийн асуудлыг даван туулахад томоохон түлхэц боллоо. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй байх, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой юм. Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ноолуурын салбарт вексель гаргаснаар хөдөө аж ахуйн салбарт санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн шинэлэг арга хэмжээ болж байна гэдгийг онцолмоор байнa” гэсэн юм.

Энэ удаагийн гэрээнд “Голомт банк” болон “Говь” ХХК хооронд, “Хаан банк” болон “Ханбогд кашимер” ХХК хооронд тус тус 7 тэрбум төгрөгийн векселийн санхүүжилтийн гэрээ зурлаа. Тус гэрээгээр санхүүжилтийн эх үүсвэрийг векселиэр баталгаажуулах, түүнийг мөнгөжүүлэх, эргэн төлүүлэхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулж, эрх, үүргийг тодорхойлон өгч байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2024 оны "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын Байгаль орчин,  хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны 2025 оны 09 тоот тогтоол, Засгийн Газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хурлын  тэмдэглэлээр  ноолуурын бэлтгэлийг хангуулах, үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр түүхий эд худалдан авалтын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна