БАРИМТ: ТОСК-ийн тамгын дарга Б.Батзаяагийн бусдын боломжийг хулгайлж, хамаатнуудаа "байр өгсөн" хууль бус үйлдлүүд

Zuv.mn
6 цаг 52 минутын өмнө

Төрөөс явуулж буй “Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлого”-ыг гардан хэрэгжүүлдэг Төрийн орон сууцны корпорацийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Батзаяа, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч О.Мөнхтуяа нар албан тушаалаа урвуулан ашиглаж, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очих ёстой нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий түрээсийн орон сууцанд төрсөн эх, ах дүү, хамаатан саднаа оруулан бусдын боломжийг хулгайлж байсан ноцтой баримтыг дэлгэж байна. 

ЗОРИЛТОТ БҮЛЭГ

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь орон сууцны нэг м2 талбайг таван жилийн турш сарын 6000 төгрөгөөр тооцон түрээсэлж, энэ хооронд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн ипотекийн зээлд хамрагдаж, өмчилж авах боломж олгодог. Иргэдээ орон сууцжуулах чиглэлээр төрөөс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн оновчтой, хүн бүрийн хүсэл болсон хөтөлбөр учир хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг. 

Хүсэлт өгсөн иргэдийг хохироохгүй, орон сууцны хязгаарлагдмал нөөцийг хууль, журмын дагуу шударгаар хуваарилж, түрээслэх ажлыг зохион байгуулах нь ТОСК-ийн үндсэн үүрэг. Гэтэл тус байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч асан О.Мөнхтуяа нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хүсэлтээ өгсөн иргэдийн боломжийг хулгайлж байсан байна. 

ТОСК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны хоёрдугаар сард “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг шалгах, зөрчсөн иргэдтэй гэрээг цуцалж, орон сууцыг актаар хүлээж авах үүрэг бүхий ажлын хэсгийг мөнөөх Б.Батзаяагаар ахлуулан байгуулжээ. 


Энэ Ажлын хэсэг тухайн жилдээ гэрээний журам зөрчсөн 111 гэрээг цуцалж, орон сууцыг хурааж авсан аж. Улмаар уг орон сууцуудаас Б.Батзаяа хамаарал бүхий тав, О.Мөнхтуяа есөн этгээдэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Б.Батзаяа нь, төрсөн ах Б.Батжаргал /хамтран түрээслэгч Ц.Гэрэлмаа/, төрсөн дүү Б.Очирбал, бэр эгч Ц.Гэрэлмаагийн төрсөн эгч нар болох Ц.Ариунцэцэг, Ц.Болормаа нарт, О.Мөнхтуяа нь ээж Д.Халтар /хамтран түрээслэгч нь О.Мөнхтуяагийн төрсөн охин н.Дуурсахмаа/, төрсөн эгч О.Насанжаргал, зээ дүү Б.Дөлгөөн, бусад хамаарал бүхий этгээд болох П.Золзаяа, П.Золжаргал нарын нийт есөн хүнтэй сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан аж.     


Ноцтой нь, дээрх 14 гэрээ байгуулагдсан хугацаанд буюу 2020 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар, 2021 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдэд “2016 оноос хэрэгжүүлсэн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд бүрэн хамрагдсан. 2017 оноос хойш Төрийн түрээсийн орон сууцны санд орон сууц нэмж шилжүүлээгүй тул шинээр бүртгэл явагдах үед зохих журмын дагуу хамрагдах боломжтой” гэдэг хариуг өгч байжээ. 

Дээрх хугацаанд нийт 105 хүнд дээрх хариуг явуулсан бөгөөд энэ нь гэрээ зөрчсөний улмаас хураагдсан орон сууцны тооноос /111/ бага байгаа юм.

 Б.Батзаяа, О.Мөнхтуяа нар ашиг сонирхлын зөрчилж гаргаж, амин хувиа бодоогүй шударгаар ажилласан байсан бол татгалзсан хариу авсан бүх айл орон сууцанд хамрагдаж, амьдралын түвшин нь дээшлэх байв. 


Б.БАТЗАЯА НАРЫН ТОСК-ИЙН УДИРДЛАГА БИТГИЙ ХЭЛ САЛБАРЫН ЯАМ, АТГ-Т ДИЙЛДДЭГГҮЙ “ДАРХЛААНЫ” НУУЦ НЬ ЖЕНКО Х.БАТТУЛГА

 Дээр хэлсэнчлэн, Түрээсийн орон сууц хөтөлбөр иргэдийн дунд эрэлт ихтэй хөтөлбөр тул санал гомдол их, тэр утгаараа ТОСК-ийн зүгээс ч үйл ажиллагаандаа тодорхой давтамжтайгаар дотоод аудит оруулж, илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага, цаашлаад хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүргүүлэн, ирсэн үүрэг чиглэлийн дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг. Энэ дагуу Дотоод аудиторын дүгнэл гаргуулан Барилга, хот байгуулалтын /тухайн үеийн нэрээр/ яаманд хүргүүлж, сайд Ц.Даваасүрэн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ эрэмбэ дарааг хатуу баримтлан судалгаанд хамруулж, тэмлдэглэл үйлдэн баталгаажуулж байх зэрэг таван зүйл заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.  

Мөн дотоод хяналт шалгалтын хүрээнд Б.Батзаяа, О.Мөнхтуяа нарын хууль бус үйлдлийг тогтоож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6.4, Авлигын эсрэг хуулийн 3.1.4, 4.1, 4.1.3, 7.1, 7.1.3 дугаар заалтуудыг зөрчсөн хэмээн АТГ-т өгч шалгуулж байжээ. Гэвч ямар нэгэн байдлаар хариулцлага хүлээх нь байтугай ажлаа хийсээр өдийг хүрсэн байна. 


Ингэж их эрх дархтай байгаагийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Женко хэмээх Х.Баттулга байдаг гэх бөгөөд томчууд төрийн чухал бодлого хэрэгжүүлдэг газруудад өөрсдийн хүнээ байршуулж, хувийн комппани шигээ ашигладагийн нэг жишээ нь ТОСК, Б.Батзаяа болж байгаа бололтой.  

ЧОНО ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ХОНИО ХАРИУЦУУЛСААР БАЙХ УУ

ТОСК нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн “40 000 айлын орон сууц”, “4000 айлын орон сууц”, ”100 000 айлын орон сууц”, “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж ажиллажээ.  

Үүнээс зөвхөн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуваарилсан 1500 гаруй орон сууцан дээр хоёрхон хурган дарга энэ хэмжээний зөрчил гаргасан байна. Эцэст нь, нийтлэлд дурдагдсан баримтууд Б.Батзаяа, О.Мөнхтуяа нарын ёс зүйгүй, хууль зөрчиж бусдыг хохироосон үйлдлийн талаарх баримт, мэдээлэл дотор дээрх 14 гэрээ нь тэдний олоон шийдвэрийн нэгээхэн хэсэг, цаана нь өөр үйлдлүүд байж болзошгүй гэж дурдсан байгаагаас үзвэл, төрөөс иргэдэдээ зориулсан 1500 байрны хэд нь жинхэнэ эздэдээ хүрсэн бол гэж бодогдоно.      

Хамгийн ноцтой нь, ТОСК одоо  залуу гэр бүлүүдэд чиглэсэн “Залуус 1”, “Солонго 1”, “Солонго 2” хороолол, Ногоон нуурын 1080 айлын орон сууцны хороолол зэрэг олон төсөл дээр ажиллана. Ашиглалтад орсон орон сууцуудаас тодорхой хэсгийг зорилтот бүлгийн иргэдээд зориулан Түрээсийн орон сууц хөтөлбөрт шилжүүлэх нь ч тодорхой. Төр засаг, иргэний ойлголцлын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хийж, хэрэгжүүлж байгаа ажил байгаа онож, жинхэнэ эздэдээ хүрэх нь чухал. 

Ийм чухал үед хэрэгжих чухал ажлыг ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн алба хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж, тэр нь баримтаар тогтоогдсон Б.Батзаяагаар үргэлжлүүлж хийлгэж болохгүй. Тиймээс Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, цаашлаад шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар хүртэл энэ асуудлыг анхааралдаа авч, зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.167
    1 цагийн өмнө

    ЭНЭ ЖЕНКО ГЭХ ЖАНХУУГ ЯАРАЛТАЙ БАРЬЖ АВААД ХОРИХ БОЛООГҮЙ ЮМ УУ

    Хариулах
  • 203.145.95.234
    2 цагийн өмнө

    Худ мэдээлэл

    Хариулах
  • 202.126.88.194
    3 цагийн өмнө

    Харлуулах халах гэсэн хүнээ Женкотой л холбочихвол болдог юм бишүү.Бүх юманд холбоотой байдаг Ман ын аймаар том айдас юмаа.Би лав айхгүй байхад ямар хүмүүс ингэж их айдаг байна аа

    Хариулах
  • 124.158.106.28
    4 цагийн өмнө

    Энэ хулоаа эх оронч жонхуу жэнко-ийн луйвар гэж дуусашгүй далай юмаа.

    Хариулах