Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын Ерөнхий менежер Б.Батбаатартай ярилцлаа.
Оюу толгой төслийн тулгамдаж байгаа асуудлуудаа хоёр талд ашигтай байдлаар яаралтай шийдвэрлэж урагшлуулах цаг үе нь ирсэн
-Оюу толгой хэмээх мега төсөл эхэлсэн цагаасаасаа л нийгмийн шүүмжлэлтэй нүүр тулж ирлээ. Гал тогоонд нь ажиллаж буй таны хувьд төслийн үр өгөөж, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор хэлэх хүний нэг. Энэ төсөл Монгол Улсын хөгжилд яг ямар үр өгөөж өгч байна вэ?
-Оюутолгой бол гадаадын анхны хөрөнгө оруулалттай мега төсөл гэдгийг бүгд мэднэ. Эдийн засгийн тогтвортой өсөлт дэмжих, гадаад валютын нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн шинэ техник, технологи нэвтрүүлэх зэргээр Монгол Улсын хөгжилд олон чухал нөлөөг бий болгож байгаа. Тухайлбал, 2014-2024 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын орлогын 16.8 хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20.4 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг дангаар бүрдүүлсэн. 2010-2023 онд төсөвт нийт 2.8 тэрбум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, эдийн засгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлж буй олон сайн жишгийг дурдаж болно.
-Мэдээж тухайн улсын баялгийг ашиглаж, бизнес хийж буй хөрөнгө оруулагч тал зохих хэмжээний татвар төлж, өндөр технологи нэвтрүүлэх нь дэлхийн жишигт байдаг л асуудал. Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаад ард түмний бухимдал оршдог. Өөрөөр хэлбэл, баялгийн шударга хуваарилалт, ашгийн бодит хүртээмж, ил тод байдал дутмаг гэсэн нийгмийн шүүмжлэл бий. Анх гэрээ байгуулагдахад Монголын тал 53 хүртэлх хувийг эзэмшинэ гэсэн саналууд явж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр 34 хувьдаа ч хүрэхгүй байна. өХХХххх олроХөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж харах цаг болсон юм биш үү?
-Оюу толгой төслөөс олон зүйлийг Монголын ард түмэн хүлээсээр байгаа нь үнэн. Улсын хөгжлийг хурдасгахад бодит хөшүүрэг болно, ард түмэнд үр өгөөжөө өгнө, цаашид уул уурхайн гадны хөрөнгө оруулалтын төсөлд жишиг загвар болно гэж итгэж байв. Гэвч бодит байдал дээр анхны тооцоонд ашигласан зарим тоон утга, параметр, хувьсагчууд өөрчлөгдөж, зардал өссөн, нэмэлт гэрээнүүд хийгдсэн зэрэг шалтгаанаас үр өгөөжийг хүртэх хугацаа хойшилж Монголын ард түмэн хөрөнгө оруулагч талд илтгэл алдарч байна. Тиймээс Оюу толгой төслийн тулгамдаж байгаа асуудлуудаа хоёр талд ашигтай байдлаар яаралтай шийдвэрлэж урагшлуулах цаг үе нь ирсэн. Миний хувьд, Оюу толгой төслийн хэлэлцээр цаашид үргэлжлэх ёстой гэж харж байгаа. Олон жил хуримтлагдсан асуудлуудыг нэг өдөр шийдэх боломжгүй ч талууд бүхий л боломжоо ашиглан шинийг эрэлхийлж, хүчээ төвлөрүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаас хойш 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл мэдэгдэхүйц хэвээр байгааг бид төлсөн татвар, төлбөр, хураамж, ажиллагсадад өгсөн цалин хөлс нийгмийн даатгал, дотоодын ААН, байгууллагад оруулсан хөрөнгө оруулалт, бусад бодит дэмжлэгээс харж болно. Гэлээ ч монголчууд бидний хүртэх үр өгөөж зөвхөн “Рио парк”, татвар хураамжаар хязгаарлагдах ёсгүй.
-Оюу толгойн гэрээг 2009 оноос хойш хэд хэдэн удаа засаж сайжруулсан боловч хоёр талын эзэмших хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй. Үнэн хэрэгтээ монголчууд ердөө 27 хон хувийн ашиг хүртэж байх шив. Бид энэ том төслөөс ногдол ашиг ч хүртэж чадахгүй байна. Хэдий болтол хүлээх вэ?
-Оюу толгой ордыг ашиглах нөгөө талтай байгуулсан хэд хэдэн гэрээ хэлцэл бий. Тухайлбал, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдйн гэрээ, Дубайд хийгдсэн 2015 оны далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө байгуулсаныг өөрөө онцлон дурдаж байх шиг байна. Гэрээ, төлөвлөгөөнүүд хэрэгжилтийн явцад өөрчлөгдөж анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилт нэмэгдэж тэр хэмжээгээр Монгол Улсад үүсэх өр төлбөр өсөж, үр өгөөж хойшилсоор байгааг нуух шаардлагагүй. Энэ бүхнээс харахад, Оюу толгой төсөл нь олон жилийн турш хүлээсэн, монголчууд бидний хувьд гуравдагч орны анхны томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл. Алдсан зүйлс олон байгааг үгүйсгэж, бас нууцалж болохгүй. Алдаа оноотой зүйлээ нээлттэй, ил тод ярилцаж харилцан үр өгөөжтэй байх зарчимд нийцүүлэхийг шаардаж байгаа олон нийтийн шүүмжлэлийг хүлээж авах л ёстой.
Суурь гэрээнүүдийг эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгөх,
засч залруулах хэрэгтэй
-Хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ, хэлцлүүдэд үе үеийн УИХ, Засгийн газар ямар байр суурьтай байв. Баталж байсан тогтоол, үүрэг даалгаврын хэрэгжилт нь ямар байдаг юм бол. Энэ талаарх мэдээлэл ил биш. Тийм болохоор тантай уулзсан дээрээ энэ талаар асуумаар байна?
-Төрөөс Оюу толгой төслийг ашиглахтай холбоотой хэд хэдэн тогтоол, захирамж, ажлын хэсгүүд гарсан хэдий ч хэрэгжилтийг бүрэн хангуулах ажил удаашралтай, стратегийн ордоос хүртэх өгөөжийг тэнцвэртэй, анх тохиролцсон хэмжээнд хадгалах, нэмэгдүүлэхэд талуудын оролцоо тэгш бус, тодорхойгүй, төслийн ашигт ажиллагаа алдагдалтай байсаар өнөөдрийг хүрлээ.
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор алт, зэсийн Оюу толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан байдаг. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод бүртгэлтэй "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй Айвенхоу Майнз Лимитед нарын байгуулсан 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ) нь Оюутолгой төслийн үндэс суурийг бүрдүүлсэн байдаг. Улмаар Монголын талаас 2008 оны “Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоолыг баталсан. Дэлгэрүүлбэл, УИХ ын 2009 оны 57 дугаар тогтоолын нэг дэх заалтад “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоож, хоёр дахь заалтад хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн, 2008 оны 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсөн байдаг. Гуравдах заалтад “Эрхзүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийг газарт үүрэг болгосон. Гэвч ХОГ ны 1.1 дэх заалтаар Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойших 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна. Энэ нь 2008 оны 40 дүгээр тогтоолын үндсэн агуулга нь 34 энгийн хувьцааг 50 болгож нэмэгдүүлэх эрхзүйн чадамжийг агуулсан хэдий ч төслийн менежментийн эрх хөрөнгө оруулагч талд байх болон хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрээр буюу дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгдэхээр тусгасан байдаг. Энэ тухай УИХ-ын 2019 оны “Оюу толгой орд ашиглалтад монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол, 2021 оны “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолууд тус тус батлагдсан байдаг. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах үзэл санаатай боловч харамсалтай нь хэрэгжилт хангалтгүй өдийг хүрсэн. Иймд УИХ, Засгийн газар эдгээр тогтоол, шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж цаашид Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг дахин тогтох хэрэгтэй байгаа.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Оюу толгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн, Дубайн гэрээг цуцалсан. Бас 103 дугаар тогтоолд нэлээд олон зүйл шат дараалалтай хэрэгжүүлэхээр тусгасан байсан шүү дээ?
-Монгол Улсын Засгийн газар Улсын Их Хурлын 2019 оны 11-р сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн, Улсын Их Хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, Оюу толгой төслийн үр өгөөжийг сайжруулах хэлэлцээрийн эхний даалгаврыг амжилттай дуусгаж Дубайн гэрээг цуцлан Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн. Нийгмийн захиалга, олон жил цөхрөлтгүй тэмцсэн улстөрчдийн хичээл зүтгэлээр Оюу толгой төслийн хэлэлцээр амжилттай болсны үндэс нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, УИХ ын гишүүд, Улсын Их Хурлын Түр хороо болон Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд нэгдмэл бодлогоор тууштай хамтран ажилласанд байгаа юмаа. Тогтоолын бусад даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байгаа.
-Хөрөнгө оруулагч талтай байгуулсан 2009 оны гэрээг хөндөх, шинэчлэх асуудал яаж хийгдэх ёстой вэ?
-“Оюу толгой төслийн ТЭЗҮ 2010”, “Оюу толгой ТЭЗҮ 2015”, сая мэдүүлсэн Оюу толгой ТЭЗҮ 2023” тусгагдсан ордын нөөц, Онтре гоулдын үүссэн нөхцөл, металлын үнэ, гадаад дотоод орчны өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, дагалдан гарсан хуулиуд, олон улсын арбитруудын шийдвэр зэрэг олон хүчин зүйлс өөрчлөгдсөөр байгаа. Оюу толгой төслийн урьдчилсан тооцооллыг харахад, гадаад хөрөнгө оруулагчийн үр ашигт өсөлт бага ч гэсэн гарахаар байна. Гэтэл Монголын талын өгөөжид эрс бууралт гарахаар байгааг бид тоохгүй, дуугүй амаа хамхисаар сууж болохгүй. Анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ нь ТЭЗҮ 2010-д үндэслэн байгуулж тухайн үед Монголын талд ашигтай байхаар хийгдсэн боловч, гэрээний хэрэгжилтэд хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадаагүй. Нэмж байгуулсан гэрээ хэлцлүүд Монголын талд ашиггүйгээр хийгдсэн зэргээс шалтгаалж буурсаар байгаа энэ цаг үед эдгээр суурь гэрээнүүдийг эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгөх, засаж залруулах хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал, төслийн санхүүжилтийн асуудлууд, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, хариуцлагын асуудал, нэр томьёог нэр мөр ойлгох, Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх хүчний харьцаа, олон улсын гэрээ мөн эсэх, бүтээгдэхүүн худалдан борлуулах асуудлууд, нягтлан бодох бүртгэл, мөнгөн урсгал түүний тайлагналын асуудал, татвар, дээжийн лабораторийн шинжилгээний асуудал, тусгай зөвшөөрлүүд тэдгээрийн шилжилт хөдөлгөөний асуудал, Монголын талын эрсдэлийн асуудлууд, менежмент буюу төслийн засаглалын асуудлууд, Монголын тал 53 хувийн ашиг хүртэж байгаа гэх санхүүгийн загварчлал, талуудын үр ашгийн харьцаа алдагдсан эсэх, дэд бүтэц болох автозам, төмөр зам, эрчим хүч, нийгмийн дэд бүтэц, өмнийн бүсийн хөгжлийн цогц асуудлууд, хэрэгжилт гэхчлэн олон зүйлсийг эргэн харж ярилцах цаг нь болсон болов уу.
Онтре гоулд төсөлд яаралтай боловсруулах ажлууд хүлээгдсээр байна
-“Антре гоулд” компанийн Оюу толгойн бүс дэх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой нийгмийн сөрөг хандлага бий. Жишээлбэл, Антре гоулдын лицензийн асуудал хаалттай, хууль зөрчсөн, Монголын талын ашиг хүртэх боломжийг хумьж эрсдэлд оруулсан зэрэг мэдээлэл түгж байна. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх ёстой юм бэ?
-“Антре гоулд”-ын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд, тэдгээрээс Монголын талын хүртэх үр өгөөжийн асуудал зөвхөн өнөөдөр үүсээд байгаа зүйл биш юм. Цаашлуулж яривал бараг 20 жил, наашлуулж ярьвал сүүлийн хоёр жил шийдэлгүй хүлээгдэж байгаа асуудал. “Онтре-Айвенхоу” болон “Антре Гоулд Инк” компаниуд нь Хөрөнгө оруулах, ашиг сонирхол олж авах тухай гэрээг 2004 оны 11 дүгээр сарын 10-ы өдөр байгуулахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээний дагуу 35,000,000 ам.долларын зардал гаргаж газрын гадаргаас 560 метр хүртэлх гүнд олборлолт хийснээр ордын 70 хувийн, 560 метрээс дооших гүнд олборлолт хийснээр ордын 80 хувийн ашигт оролцох эрхтэй гэж заасан. Улмаар хөрөнгө оруулагч тал “Антре гоулд” компанийн 15225А, 15226А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг ХОГ-д хамааруулах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт гаргаснаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх ёстой байсан. Гэвч тэгэлгүй, Оюу толгой нь өөрийн боловсруулсан ТЭЗҮ-дээ “Антре гоулд”-ын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайг багтаан, ХОГ-д заасан тогтворжуулалтуудыг эдлэхээр тооцоолсон байгаа юм. Тиймээс гэрээний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож байж дараачийн асуудлыг ярилцах шаардлагатай. Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох тусгай зөвшөөрөл гэж үзсэн хэдий ч гэрээнд хамруулах хүсэлтээ гаргаагүй байгааг хэрхэн ойлгох, тэр утгаараа агуулагдаж байгаа метал, хайгуулын зардал, хөрөнгө оруулалт, олборлох зардал зэргийг багтаан тооцоолж, татварын тооцооллоо талууд хэлэлцэж байж шийдвэрлэх ёстой. Ажлын дэд хэсгүүдийн саналуудыг нэгтгэн, Ажлын хэсгээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулах, уг орд эзэмших тусгай зөвшөөрөл, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах, үр өгөөжийн тооцооллыг хамтарч боловсруулах, энэ асуудлыг нийтэд ойлгомжтой хэлбэрээр нэгмөр шийдвэрлэх ёстой. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг хангуулж Засгийн газарт танилцуулж байж энэ асуудал эцэслэн шийдэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, Онтре гоулд төсөлд оролцогч талуудын хүртэх “өгөөж”-ийн тодорхойлолтыг нэгмөр тайлбарлаж, өгөөжийн тооцооллыг эцэслэх, санхүүгийн загварчлалаа тогтох зэрэг ажиллагаануудыг талууд техникийн түвшинд яаралтай боловсруулах ажил хүлээгдсээр байгаа.
-УИХ-ын 103-р тогтоолд Оюу толгой төслийн засаглалын сайжруулах агуулга туссан байдаг. Гэвч Монгол Улс энэ төслийн 34 хувийн хувьцаа эзэмшигч атлаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх гээд олон чухал шийдвэр гаргахад оролцоо, саналын давуу эрхгүй байна. Бүхэл бүтэн 15 жил болж байхад засаглал нь сайжрахгүй, нэг тал хэт давамгай, бүх шийдвэрийг гаргасаар байгаа нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү?
-Оюу толгой нь төсөл гэхээсээ бодитой уурхай болж байгааг бодолцох ёстой. Ахиц гарсан гэдгийг хэлэхгүй байж болохгүй л дээ. Байгууллагын хөгжлийн хувьд бие даадаг, хариуцлагаа үүрэх цаг нь болсон. Гэхдээ сайн засаглалын үзүүлэлтүүдийг шилжилтийн энэ цаг үед аль болох шингээж цаашдын үйл ажиллагаандаа шинэ соёл болгон авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа. Хамтарсан үйлдвэрийн “үйл ажиллагааны загвараа”-аа илүү боловсронгуй болгож уурхай, олборлолтын шаттай уялдуулах цаг ирсэн. Мөн хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг дахин томьёолох ёстой. Жишээлбэл, “Рио тинто” нь хувь нийлүүлэгч үү, оператор уу, менежер үү, үйлчилгээ үзүүлэгч үү, Монголын хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхой болгох шаардлагатай байгаа. Нэг тал дангаараа шийдвэрийг гаргасаар байгааг эргэн үзэж талуудын санал өгөх, шинжлэн судлах боломж бололцоог бүрдүүлэх цаг болсон гэсэн таны саналтай нийлж байна. Сайн засаглалын үзүүлэлт болох ил тод байдлыг хангах, цахимжилт, хиймэл оюун ухааны ололтыг ашиглах, өгөгдөл дамжуулах бүтэц, тогтолцоог бий болгох замаар итгэлцлийг нэмэгдүүлэх гарц бий. Нэн түрүүнд ТУЗ-ийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч нарын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааг ойлгомжтой болгох, ажлын гүйцэтгэл, тайлагнал, хариуцлагын тогтолцоог дахин загварчлах хэрэгтэй. Хоёрдугаарт, Оюу толгой төслийн ТУЗ-ийн дэргэдэх хороод, ажлын хэсгүүдийн бүтэц, чиг үүргийг өргөтгөх, талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх ёстой. Гуравдугаарт, ТУЗ-ийн дэргэдэх ажлын албаны үүргийг нэмэгдүүлэх, Монголын талын төлөөллийг оруулах. Дөрөвдүгээрт, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу Толгой” компаниудын чиг үүрэг мандатыг шинэчлэх зэрэг асуудлууд байсаар байна.
-Төслийн санхүүжилт, өртөг зардал, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлага байгааг саяын Нью -Иоркийн холбооны шүүхийн хэргээс харж болохоор. Олон улсын лабораторийн асуудал яригддаг ч ахиц гарсан юм уу?
-Зэсийн баяжмалын эцсийн төлбөр тооцоо хийхдээ Монголын геологийн төв лабораториор давхар хянан баталгаажуулалт хийдэг л дээ. Гэвч дүгнэлтүүд зөрүүтэй, аргачлал нэгдмэл бус, мэдээлэл солилцдоггүй гэх асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн тогтолцоог бий болгох цаг болсон гэж бодож байгаа. Гэхдээ энэ санал санаачилга ажлууд нь хоёр талын оролцоотойгоор шийдвэрлэгдэх ёстой. Иймд Монголын тал идэвхи санаачилгатай ажиллах шаардлагатай байна.
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх боломж бий
-Оюу толгой төсөл зээлээр санхүүждэг, зээлийн үндсэн төлбөр, хүүг эхэлж төлнө гэсэн заалт байдаг. Үүний улмаас л Монгол Улсын үр өгөөж хүртэх хугацаа хойшлох шалтгаан болж байгаа юу?
-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд үндэслэж төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгө хөрөнгө, орлого эхний ээлжид хувь нийлүүлэгчдийн зээл, өрийн хуримтлагдсан хүү, хувь нийлүүлэгчдийн өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулахаар “далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд заасан байдаг. Нийт зургаан тэрбум ам.доллар авахаар төлөвлөгдөж эхний ээлжид 4.4 тэрбум ам долларын гэрээг арилжааны 15 банк олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хувь нийлүүлэгчдийн гэрээгээр өөрчлөх боломжит хугацаа энэ жил буюу 2025 онд тохиож байгааг алдахгүй ашиглах ёстой. Хөрөнгө оруулагч тал болон зээлдүүлэгч талууд эрсдэлээ хамгаалж даатгалууд хийлгэсэн. Ингэхдээ эрсдэл үүсэхэд эрхээ шилжүүлэх, арилжаалах, барьцаанд тавих зэрэг багтаасан байдаг. Тиймээс “төслийн санхүүжилт босгох, гадаад дотоодоос авсан үйлчилгээнүүд” -д шинжилгээ хийн цаашид Монгол Улсын эрх ашгийг хамгаалах талаар яаралтай ажиллах шаардлагатай байгаа.
-Менежментийн гэрээний асуудал анхаарал татсаар л байгаа. “Рио тинто” жилд менежментийн төлбөрт 120-130 сая ам.доллар авдаг гэх мэдээлэл бий. Өмнө Засгийн газрын зүгээс энэ төлбөрийг бууруулах санал тавьж байсан ч үр дүнд хүрээгүй байх аа. Ер нь төлбөрийг зогсоох талаар хэлэлцээр хийх боломжтой юу?
-Дубайн гэх гэрээгээр стратегийн менежментийн болон үйл ажиллагааны менежментийн талаар оруулж “Рио Тинто” компанийг менежерээр томилсон байдаг. Энэ гэрээтэй холбоотой ойлгомжгүй байдал, маргаан үүсгэсээр байгааг талууд ярилцаж өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын гэрээ болох хувь нийлүүлэгчдийн гэрээгээр тохиролцоогүй үйл ажиллагаа, зардлыг хэрхэх, давхцалтай байгаа үйлчилгээг нэг мөр болгох, төлбөрийн аргачлалыг тодорхойлох, ил тод байдал, тайлагнал зэргийг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг талууд харилцан зөвшөөрөхүйц, хамтын шийдэлд хүрэхийг зорин ажиллаж байна.
-Оюу толгой төслийн Монголын талын 34 хувийн эрх ашгийг төлөөлж, бодлогын түвшинд хяналт тавьж байх ёстой байгууллага нь “Эрдэнэс Оюу толгой” компани. Тэр утгаараа нээлттэй, ил тод ажиллах ёстой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шат руу бүрэн шилжиж байгаа энэ үед монголчууд ямар асуудлыг яаралтай шийдвэрлэж цаг алдах ёсгүй гэж та боддог вэ?
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол монголчууд бидний хувьд гуравдагч хөрштэй байгуулсан анхны томоохон хөрөнгө оруулалтын хэлцэл байсан. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш оносон, алдсан олон зүйлийг засаж, сайжруулах, хувьцаа эзэмшигчид ойлголцлын нэг түвшинд хүрч, төслийн хэрэгжилтэд нөлөөлж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хүлээгдсээр байна. Тухайлбал, бидэнд энэ үед хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, төслийн ашигт ажиллагаа, өгөөж, улс, бүс нутгийн төсөв болон үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх боломж бий. Мөн ирэх жилүүдэд Оюу толгойн уурхайн ажилчдад зориулсан орон сууцны хорооллын төслийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлэх, импортоор авч байгаа эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах, Сэргээгдэх эрчим хүчний төслийг ашиглалтад оруулах, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, мал аж ахуй, газар тариалан, томоохон төсөл хөтөлбөрүүдийн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төслөөс хүртэх нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг бүс нутгийн хөгжилд илүүтэй шингээх зэрэг ихээхэн өөрчлөлт шинэчлэлт хийх цаг үе ирлээ. Дэлхийд томоохонд тооцогдох Оюу толгой ордыг ашиглаж эхэлснээс хойш уг төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай УИХ, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн эрх ашгаа хамгаалах, хувьцаа эзэмшигч талтай харилцан ашигтай, үр өгөөжтэй ажиллах, талуудын оролцоог тэгш хангах боломжит цаг хугацаа тулж ирсэн байна гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан 2009 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.3 хувь хүртлээ унаж байсан бол Оюу Толгойн зэс-алтны ордыг ашиглаж эхэлснээс хойш уул уурхайн салбарын өсөлт нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч манай улсын эдийн засаг дэлхийд хамгийн өндөр өсөлттэй гарч байв. Гэвч төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монголын талын төслөөс хүртэх өгөөж буурсан, ногдол ашиг хүртэх хугацаа хойшилсон, Монгол улсын Засгийн газрыг өрийн дарамтад оруулсан зэрэг нь томоохон алдаа, сургамж болоод байгааг зоримог эргэн харж шийдвэрлэх ёстой. 30 жилийн гэрээ талдаа орж, далд уурхайн бүтээн байгуулалт дууссан цаг үед гэрээнүүдээ эргэн дүгнэж, төслөөс Монгол Улсын ашиг хүртэх хугацааг хойшлуулахгүй байх, чадвал наашлуулах талаар нарийвчлан судалж дүгнэлт гаргах цаг нь болсон гэж бодож байна. Үлдсэн 15 жилд Монгол Улсын хүртэх өгөөж, төслийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах шаардлагатай цаг үе яах аргагүй мөн. Тиймээс суурь гэрээнүүдийн биелэлтийг гаргах, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэх учиртай. Монгол Улсын талын саналыг хүлээн авч, Оюутолгой төсөлтэй холбоотой, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэсэн шинэ нөхцөл байдлыг талуудын харилцан ойлголцол, хүчин зүтгэлээр шийдвэрлэж, хамтын ажиллагааны итгэлцлийг сэргээхийг эрмэлзэн ажиллах байх гэдэгт итгэлтэй байна.
-Тэгвэл төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаасай гэж та хүсэж байна вэ?
-Засгийн газар яаралтай ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулж ажиллах ёстой. УИХ дээр түр хороо байгуулсан ч болно, Оюу толгойтой холбоотой багц асуудлуудыг нэгмөр шийдвэрлэх боломжтой.
М.МӨНХЦЭЦЭГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна