Польшийн Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн их сургуулийн /SWPS University of Social Sciences and Humanities in Poland/ сэтгэлзүйч эрдэмтэд хүнд бусдыг ухамсартайгаар өвтгөх хүсэл хэрхэн үүсдэг, эсвэл угаасаа байдаг эсэх, тийм хүмүүн бусын үйлдлийг бусдаар үйлдүүлэхэд хэдий хэмжээний өдөөлт хэрэгтэй болдог талаар туршилт явуулжээ.
Тэд 18-69 насны 80 оролцогчийг /40 эрэгтэй, 40 эмэгтэй/ сонгож аваад тэдэнд бусад оролцогчдыгоо цахилгаан хүчдэлээр цохиулахыг санал болгосон байна. Тодруулбал, оролцогч хүчнээсээ хамаараад 1-10 хүртэл дугаарласан товчлуурыг дарах ёстой байв. Ингэхэд оролцогчдын 90 хувь нь ямар ч эргэлзээгүйгээр товчлуур дарахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, бусдад бие махбодын өвдөлт мэдрүүлэхэд бэлэн байжээ. Харин цахилгаанд цохиулах хохирогч нь эмэгтэй хүн байсан тохиолдолд энэ үзүүлэлт 45 хувь хүртэл буурч байв. Эрдэмтэд туршилтынхаа үр дүнг 2017 онд “Social Psychological and Personality Science” сэтгүүлд хэвлүүлсэн юм.
Тэдний энэхүү туршилт нь Йелийн их сургуулийн эрдэмтэн Стэнли Милгрэмийн явуулж, “хүмүүнлэг бус” хэмээн шүүмжлүүлж асан туршилттай адилхан болжээ. Йелийн Их сургуулийн сэтгэлзүйч Стэнли Милргэм 1963 онд “Эрхшээлдээ бүрэн оруулах нь: Хүний үйл хөдлөлийн судлал” («Behavioral Study of Obedience»), хожим “Бусдын эрхшээл доорхи хүлцэнгүй байдал: Туршилтын судалгаа” («Obedience to Authority: An Experimental View», 1974) номдоо энэ туршилтаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байна.
Стэнли Милгрэм энэ судалгааны ажлаа эхлэхэд хүргэсэн гол шалтгаан бол "Нацист Германд фашизм ноёрхож байх үед чухам яагаад немцийн иргэд бөөнөөр хорих лагеруудад очиж ямар ч гэм зэмгүй олон сая энгийн номхон хүмүүсийг алж устгаж шатаахад оролцсон юм бэ" гэдэг асуултын хариултыг олох явдал байсан ажээ.
Тэрээр өөрийн энэ судалгааг явуулах бүх аргачлал болон бусад бүх бэлтгэл ажлаа гэртээ АНУ-д хангаад түүний үзэж байснаар иргэд нь маш хүлцэнгүй дуулгавартай болсон байсан Герман руу явахаар төлөвлөж байжээ. Гэвч АНУ-ын Коннектикут муж улсын Нью-Хэйвенд явуулсан түүний анхны туршилтын үр дүн нь Герман явах ямар ч шаардлага байхгүй, яг гэрийнхээ хажууд судалгаа, шинжилгээний ажлуудаа явуулж болохыг түүнд ойлгуулсан байна. “Би манай энд, АНУ-д ч тийм хүмүүсийн хүлцэнгүй дуулгавартай байдлын хангалттай жишээнүүдийг олж илрүүлсэн учир Германд очиж туршилтуудаа явуулах шаардлага байхгүй юм байна гэж шийдсэн” гэж тэрээр ярьж байжээ.
Хожим Милгрэмийн энэ туршилтыг Голланд, Германд, Испанид, Италид, Австрид мөн Иорданд давтан явуулж үзэхэд үр дүнгүүд нь ижил гарч, С.Милгрэмийн дүнэлт батлагдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна