Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Арзиев Фарход, Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Касимов Илзат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Арзиев Фарход Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан тохиролцсон ажлуудыг ажил хэрэг болгох, ялангуяа эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх, ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн яам болон Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн яамдаас бүрдсэн Хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиров.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Узбекистан улстай олборлох үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын төрийн өмчит компаниуд хооронд холбоо тогтоож хамтран ажиллах, мэргэжилтэн эксперт солилцох, оюутан сургахад яамны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна