"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол үргэлжилж байна.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуултад “Онтрэ” ХХК, “Онтрэ резорсис” ХХК-ийн захирал Стивен Скотт "Онтрэ компани нь 10 ажилтнаас бүрддэг жижиг компани. Тийм учраас олборлолт явуулах техникийн хүчин чадал хомс. Хоёрдугаарт Хюго тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Оюутолгойтой нэгдсэн орд учраас нэгдсэн байдлаар олборлолтын үйл ажиллагааг зохион байгуулах ёстой гэж үзсэн. Тийм учраас тусад нь олборлолт явуулах тохиолдолд эдийн засгийн үр өгөөжгүй байна гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн үүднээс авч үзэхэд 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээгээр
Оюутолгой ХХК нь Онтрэ компанийн өмнөөс тусгай зөвшөөрөл бүхий талбайн олборлолтыг явуулж бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн заалттай байдаг. Бид эрх, үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэдэг дээр санал нэгдэхгүй байна. Учир нь 2004 оноос авхуулаад Оюутолгой компанитай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтын хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ болон нөөцийн үнэлгээ зэрэг баримт бичгүүдээ үйлдэж, хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой зардал, татвар, төлбөрүүдийг хуулийн дагуу гүйцэтгэж байгаа. 2004 оноос хойш бид хувь оролцооны тохиролцоонд хүрсэн. Энэ хамтын ажиллагааны тохиролцоо нь хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заалт болон туссан байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна