Б.Энх-Оргил: Өөртөө хандаж "Итгэж байсан итгэл чинь биеллээ. Баярлалаа" гэж хэлмээр байна

Т.Отгонсувд
1 цаг 22 минутын өмнө

"One Championship" холбооны аварга Б.Энх-Оргил өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. 

Монголчуудын бахархал болж, эх орныхоо нэрийг олон улсад алдаршуулсан түүнийг ээж гэр бүл нь болон дэмжигч үзэгчид нь халуун дотноор онгоцны буудал дээр тослоо. 

 Энэ үеэр Б.Энх-Оргил нийт  монголчууддаа талархлаа илэрхийллээ. 

Тэрбээр "Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Ялалтын мөч бол үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан.  Нэлээн хүнд тулаан болсон ч ялсандаа маш их баяртай байна.  

Та бүхэн минь ийм сайхан угтаж байгаад баярлалаа.  Ямар ч байсан аварга болж чадлаа. 

25 жилийн бэлтгэл хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аваргын бүсийг авсан. 2012  онд анх багштайгаа танилцаж байсан. 2014 онд багш минь дэлхийн аварга болж байсан. Тэр амжилтыг нь 11 жилийн дараа багштайгаа хамтдаа бэлтгэл хийж, суралцаж байхдаа бататгасандаа баяртай байна.  Багшийнхаа ид үед шавь орж, их зүйл сурсандаа талархаж явдаг. 

Тулааны дараа маш их ядарсан учир амармаар байна гэж хэлсэн. Одоо бол хэд хоног сайхан сэргэлт авч, амармаар байна. 

Тулаанд нэг нь ялж, нэг нь ялагддаг. Ямар ч байсан энэ удаад би ялж чадлаа. Тэр өдрийн тэнгэр миний талд байлаа. Дараагийн тулаанд таарвал бэлтгэлээ сайн хийж байгаад амжилтаа батлахын төлөө хичээх болно. Энэ их ивээлийг авч байгаадаа баяртай байна. 

2003 онд таеквандогийн тэмцээнд ээж минь цалингийн зээл хийгээд дэмжээд явуулж байсан. Тэр үетэй харьцуулахад бүх зүйл сайхан болсон байна. 

Маш олон дэмжлэг, хүндлэлийг авлаа. Энэ олон хүний хүсэл тэнгэрт очиж, олон зүйл давхцаж, ялалт миний талд буулаа. 

Өөртөө хандаж "Итгэж байсан итгэл чинь биеллээ. Баярлалаа" гэж хэлмээр байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна