Франц улс 2015 онд гааль дээрээсээ хурааж авсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг өчигдөр Монгол Улсад албан ёсоор хүлээлгэж өглөө. Хүлээлгэн өгөх ажиллагаа Парис хотноо болжээ.
Хүлээлгэн өгөх ажиллагаанд Францын талаас Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин, Монголын талаас Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцжээ.
Буцаах ажиллагааны хүрээнд ганц Тарбазавр батаарын яс биш, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны 29 багц олдвор байгаа аж.
Тарбозавр Батаар төрлийн үлэг гүрвэлийг Монголын говиос анх олсон эрдэмтэн Евгений Александрович Малеев олдвороо шинэ нээлт гэж мэдэлгүй “Хойд Америкийн нутгаас олддог Тиранозаврын нэгэн төрөл” гэж бодоод “Тиранозавр Батаар” хэмээн нэрлэсэн байдаг. Батаар гэдэг нь Баатар гэсэн монгол нэр. Нэрний хувьд давхар, давхар алдаа гаргаснаа тэрбээр мэдсэнгүй. Эрдэмтэн сүүлд олдвороо сайтар судалсны эцэст Тиранозавраас огт өөр төрлийнх болохыг тогтоож, Тарбозавр хэмээн нэрлэсэн боловч хоёр дахь алдаа засагдалгүй, энэ төрлийн үлэг гүрвэлийг Батаар гэж нэрлэсээр өдийг хүрчээ. Сонирхолтой нь Е.Малеев 1947 онд Тарбозавр Баатарыг нээсний дараа нэгэн эрдэмтэн үлэг гүрвэлийн шинэ төрлийг Мализавр хэмээн нэрлэх санал гаргаж байжээ.
Хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа, хэдэн арван хүний хөдөлмөрийн үр дүнд бид ийнхүү үлэг гүрвэлийнхээ олдворыг буцаан авч чадлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна