Найриель Аттиенза: Монголын ард түмэн бидэнд олон жил алдагдсан итгэлийг минь эргүүлж авчирлаа

Х.Батсайхан
2 цаг 15 минутын өмнө

Монголд гэрээгээр ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн ар гэрийнхэнийг суулгасан онгоц дөнгөж сая "Чингис хаан"  олон улсын нисэх буудалд газардлаа. Тэд онгоцноос буусныхаа дараа хэвлэлийн бага хуралд оролцсоныг шууд дамжуулан хүргэж байна.  

Террил Аттиенза нь Монголд “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2011 онд амь насаа алдсан байдаг. Талийгаачийн биед хүчирхийлэлд өртсөн гэх хангалттай шинж тэмдгүүд байсан ч хуулийн байгууллага уг хэргийг хаасан байдаг юм. Энэхүү хэрэгтэй холбоотой баримтуу хэвлэлд өмнө нь олонтаа гарч байсан ч төдийлөн олны анхааралд өртөж байгаагүй. Харин сэтгүүлч С.Будрагчаа хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзсанаар энэ хэргийг олон нийтийн анхааралд оруулж, сэргээн шалгах боломж бүрдэж буй.

Тодруулбал, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр хэргийг сэргээж шалгах хуулийн боломж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн энэ боломжийг ашиглахаар ийнхүү Монголд өнөөдөр ирж байна. 

Тэрбээр "Сингапурын агентлаг харин хүний наймааг хөхиүлэн дэмжиж, ээжийг минь хөдөлмөрийн гэрээгүй, ямар ч хамгаалалтгүйгээр Монгол руу явуулсан. 

Монгол руу ирэхдээ би айдастай байсан. Ээж минь ирээд хэзээ ч буцаж яваагүй улс руу ирж байгаа болохоор. 

Онгоцноос буухдаа ч би тийм л зүйлс мэдэрч байлаа. Би энд тусламж авах гэж ирээгүй. Харин бидэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ бүхэн яг миний ээжийн минь хүсэж мөрөөдж байсан ирээдүй байх. 

2011 онд ээжтэйгээ хамгийн сүүлд ярихад "12 дугаар сард гэртээ харина" гэж байсан. Ээж минь гэртээ ирсэн, гэхдээ амиа алдсан байдалтай ирсэн. Одоогоос 14 жилийн өмнө бид ээжийнхээ биед задлан шинжилгээ хийлгэж байсан. Бие нь маш олон шархтай, тамхины цогоор түлсэн байсан. Тэд ээжийг минь амиа хорлосон, эсвэл гүн хордлогонд орсон" гэж хэлсэн байсан. Харин филиппин эмч нар бидэнд үнэнийг хэлсэн. Ээж минь маш их тэмцэлдсэн шинж тэмдэгтэй хорвоог орхисон байсан. Бас зүрх нь байхгүй байсан гэж хэлсэн. 

Миний ээжийн зүрх хаана байгаа бол. Түүний зүрх хэдий биеэсээ авагдсан ч энэ дэлхийгээс алга болоогүй гэдгийг бид мэдэрч байна. Өнөөдөр бүхэл бүтэн улс бидний төлөө байгааг мэдэрч байна" гэлээ.  






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна