ХЭВЛЭЛИЙНХНИЙ АЧААР ШИЙДЭГДСЭН ДУУЛИАНТ ХЭРГҮҮД №1: "Ө.Хэрлэнчимэгийн хэрэг"

Х.Батсайхан
7 цаг 21 минутын өмнө

Филиппиний иргэн Террил Аттиензагийн гэр бүл өнөөдөр УЕПГ-т ээжийнхээ хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ өгөх гэж байгаа билээ. Террил Аттиенза нь Монголд, "Эрэлийн" гэх Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа  2011 онд учир битүүлгээр амиа алдсан байдаг. Түүний хэрэгт эргэлзээтэй, баримт дүгнэлт зөрсөн асуудлууд олон байсныг сэтгүүлч С.Будрагчаа олон нийтэд хүргэснээр 14 жилийн өмнө эргэзээтэй байдлаар шийдэгдсэн энэ хэргийг дахин шалгах боломж бүрдэж буй. 

"Дөрөвдөгч засаглал" гэгддэг хэвлэл мэдээллийн салбар үнэний манаанд үзэг барин зогсож, шударга бустай тэмцсээр өнөөдрийг хүрсэн билээ. Бусдад хэзээ ч нөхөгдөхгүй уй гашуу, зовлон зүдгүүрт унагачихаад ял завшиж явсан олон хэргийг хэвлэл мэдээллийн салбар, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн зоригт сэтгүүлчид уудлан илчилж, зохих ял зэмийг нь үүрүүлсэн, ял завших боломжийг таслан зогсоосон удаа олон. Үүний нэгээхэн жишээг энд өгүүлнэ. 

“Ө.Хэрлэнчимэгийн” гэж нэрлэгдсэн дуулиант хэрэг 2007 онд үйлдэгдэж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэргийг сөхсөөр 2010 оны дунд үеэс эхлэн олон нийтийн анхааралд оруулж ирсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хүч чадал, нөлөөг батлан харуулсан гэж хэлж болох энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд зөвхөн сэтгүүлчид ч биш, хохирогчийн ар гэрийнхний уйгагүй зүтгэл, өөр "баатар" ч бас бий гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Үнэндээ энэ хэрэг Монголын шүүх засаглалын үнэн нүүр царайг илчилж, тангараг өргөсөн өмгөөлөгчид  цаагуураа ямархан булай үйлдэл хийж явдгийг илчилсэн “түүхэн” гэж хэлж болохоор хэрэг юм.

“Аливаа юманд амны хишиг чухал” гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг. Үнэхээр Ц.Гончиг гуайн, шударга ёс, үнэн амны хишигтэйдээ л худал хуурмагийг давж, хэрэгтнүүдэд бага ч гэсэн шийтгэл оногдуулах нөхцөл бүрдсэн байдаг. 

Хэргийг сийрүүлбэл, 2007 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 15 настай Г.Б охин Ө.Хэрлэнчимэг тэргүүтэй бүлэг яргачны гарт амиа алдсан байдаг. Гэрч баримтууд нь тодорхой энэ хэрэг дээр хуулийнхан дутуу дулимаг ажиллаж, хэргийг сунжруулан, холбогдсон эт гээдүүд нэг, нэгээрээ хэргээс сугарч байжээ. Энэ бол хэрэг олон нийтийн анхааралд орохоос өмнөх нөхцөл байдал. Энэ нөхцөл байдалд 2010 оны зун санамсаргүй тохиолдлоор эргэлт гарсан байдаг юм. 

 Талийгаач охины аав Ц.Гончиг гуайн гэр бүлийнхэн зундаа амралтын өдрүүдээ Ерөө голын эрэг дээр өнгөрүүлдэг зуршилтай байж. 2010 оны зургадугаар сард дээрх заншлаараа хамаатан садантайгаа нийлэн Ерөө голын эрэг дээр амрахаар очжээ. Голын нэгэн тохойд охиных нь амьд сэрүүн ахуйдаа очих дуртай нэгэн содон мод байдаг байж. Тиймээс нэгэнт ирснийх, охиныхоо дурсгалыг хүндэтгэе гэж шийдэцгээгээд өнөөх модон дээр иртэл, цагаан өнгийн жийп машинтай дунд эргэм насны хүн оччихсон байж харагджээ.

"За, энэ улсуудыг буцахаар болъё доо" хэмээн бууж байтал тэдний хажууд удалгүй нөгөө цагаан машинтай хүн ирж буусан байна. Айл саахалт улс нэг нэгнээ дайлдаг Монгол ёсоор тэднийг ирж цай уухыг Ц.Гончиг гуайнхан урьтал нэг их цааргалсангүй хүрээд ирж.

Цайлж суух үед Ц.Гончиг гуайн эхнэр “Таныг нэг үзсэн хүн шиг байх юм” гэж хэлж байж. Яг энэ үед Ц.Гончиг гуайн хамаатан Ү.Баатархүүгийн хүүхэд голын усанд тоглож байгаад живсэн бөгөөд аав нь яах ийхийн зуургүй хойноос нь орон живсэн байна.

Энэ үед шинэхэн танил хойноос нь ус руу орж эхлээд хүүг, дараа нь аавыг нь аварсан байна. Аав дүү хоёрынхоо хойноос ус руу орсон хоёр охиных нь амийг ч аварчээ. Аварсан авруулсан бүгд сэтгэл уярсан сайхан мөчийн дараа тэд сүүлд баяртай уулзахын ерөөл тавиад салцгаасан байна.

Энэхүү ачит хүн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, авруулсан хүн нь талийгаач охины хамаатан Ү.Баатархүү байсан юм. Энэ хэргийг олноос нууцлахыг хүссэн ч хэвлэл мэдээллийн байгууллагуудын “хүчин зүтгэлээр” илчлэгдэж Ч.Улаан гишүүн зүй ёсоор “Шударга журам” тэмдгээр шагнуулсан байдаг.

Тэрбээр шагнал авсныхаа дараа Ү.Баатархүүтэй холбоо барьсан бөгөөд Ц.Гончиг гуай энэ үед охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хөлөө хүрэх газар явсан ч “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болоод байсан үе. Охиныг нь бүрэлгэсэн алуурчид гэм зэмгүй мэт суллагдах нөхцөл бүрдсэнд бачимдсандаа Төрийн ордны өмнө суулт хийхээр ирсэн Ц.Гончиг гуай Төрийн ордны үүдэн дээр Ч.Улаан гишүүний туслахтай таараад гишүүнээс тусламж гуйх санаа төржээ.

Түүний гомдлыг сонссон гишүүн Ерөнхий прокурор Ц.Дорлигжавын туслахтай холбож өгч, Ц.Дорлигжав хэргийг анхааралдаа авснаар гэмт хэрэгтнүүдийн гишгэх газар хумигдсан түүхтэй. Энд нэр дурдагдаж байгаа хүмүүс бүгд үнэхээр шударга хүмүүс мөн юм. Гэхдээ ийм шударга хүмүүстэй учралгүй хохирч яваа хичнээн ээж, аав байгаа бол.

Мэдэгдээгүй ийм жишээ хэд байгааг мэдэх аргагүй. Хэвлэл мэдээллийнхэн бид ийм шударга бус явдалтай тэмцсээр байгаа ч хүчин мөхөсдөх нь бий.

Гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн этгээдүүд нэгэндээ бүх хэргээ тохох, нэг нь бүх хэргийг өөртөө авч бусдыгаа нэр цэвэр үлдээдэг явдал эрүүгийн ертөнцөд түгээмэл гардаг. Яг одоо олон нийтийн анхааралд байгаа 16 настай охины хэрэг дээр ч энэ түүх давтагдах вий гэсэндээ дээрх түүхийг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улааны хүний төлөө гэсэн сэтгэл үүнд чухал нөлөө үзүүлснийг энд зориуд тэмдэглэе. Хэзээд ялна гэж бидний итгэдэг шударга үнэн худал хуурмагт дийлдэж, тэр худал хуурмаг нь бидний бас л хамгийн шударга гэж итгэж явдаг тангараг өргөсөн төрийн албан хаагч байдаг нь харамсалтай.

Сэргээн шалгагдах гэж буй "Террил Аттиензагийн хэрэг"-т ч хууль хэрэгжүүлэгчдийн шударга бус үйлдэл орсон байх магадлал өндөр бөгөөд үнэн зөвөөр шийдэх нь гаднын улсууд Монгол Улсыг харах өнцөгт ч нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж бодно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна