СБД: Хог тээврийн машинуудад хорт утааны ялгарлыг бууруулах төхөөрөмж суурилуулах гэрээ байгууллаа

С.Гандэлгэр
1 цаг 49 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгахаар ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд дүүргийн тохижилт, үйлчилгээ эрхлэгч “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын хог тээврийн 74 машинд “Supertech” төхөөрөмжийг суурилуулах юм. Гэрээнд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, санхүүжүүлэгч Саусгоби Сэндс ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Нэмэхбаяр, гүйцэтгэгч “Мега мост” ХХК-ийн захирал Р.Амарбаясгалан нар гарын үсэг зурлаа. Олон улсын ISO 9001:2015, TUV чанарын сертификат бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар машинаас ялгарах хорт утааг 80-85, шатахуун зарцуулалтыг 12 хүртэл хувиар бууруулах юм. 

ЖАЙКА-гийн 2022 оны судалгаагаар тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг. Нэг машинаас ялгарах хорт утаа нь зургаан гэрийн яндангаас гарах утаатай тэнцдэг тооцоолол бий. Тиймээс тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгахаар эхний ээлжинд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагын хог тээврийн машинуудад хорт утаа бууруулагч төхөөрөмж суурилуулж эхэлсэн гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тодотгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна