Б.Хишигжаргал: Гаж нөлөө үзүүлж болзошгүй учир “Үүдэл эстэй” гэх бүтээгдэхүүний хэрэглээнд болгоомжтой хандах хэрэгтэй

С.Гандэлгэр
4 цаг 3 минутын өмнө

УНТЭ-ийн ерөнхий захирал асан, Монгол Улсын Төрийн соёрхолт эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

МОНГОЛ УЛС ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭГ 2014 ОНД НЭВТРҮҮЛСЭН

-Та цусны үүдэл эсийн эмчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлсэн эмч нарын нэг. Энэ эмчилгээ хэзээнээс эхэлсэн юм бэ? Ер нь цусны үүдэл эсийн эмчилгээний талаар ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Би Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвд ажиллаад 20 жил болж байна. Анх намайг цусны эмчээр УНТЭ-д ороход цусны өвчтэй, цусны хавдартай, дархлааны эмгэгтэй хүмүүсийн тавилан үнэхээр тааруу байсан. Оношилж чаддаггүй, оношилсон ч эмчилж чаддаггүй, химийн эмчилгээний 2-3 төрлийн л сонголттой үнэхээр хүнд байв.

Бид 2014 онд анхны өвчтөндөө цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Тэр үедээ Ази тивдээ энэ эмчилгээг нэвтрүүлсэн 15 дахь улс нь болж байлаа. Үүнээс хойших 10 гаруй жилийн хугацаанд 35, 36 хүнд энэ эмчилгээг хийгээд байна.

Ер нь хотжилттой холбоотой, бидний амьдралын хэв маяг, ууж идэж байгаа зүйлтэй холбоотойгоор цусны хавдрын тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа. Манай баг хамт олон тухайн үеийн эмнэлгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр цусны өвчнийг эмчлэх, эмчилгээ үйлчилгээг сайжруулах зорилготойгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Хамгийн амжилтай нэвтэрсэн төсөл маань цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ. Энэ эмчилгээ маань ерөнхийдөө цусны хавдар болон цусны хүнд төрлийн эмгэгтэй хүмүүст хийдэг үндсэн эмчилгээний нэг. 

Ер нь бол энгийн хүмүүст хэлэхэд, алимны мод үндсээрээ муудаад, үр жимсээ өгч чадахгүй болоод үхдэг шиг цусны системийг нь үндсээр нь засаж, сэргээдэг гэсэн үг.

Хүний цусны систем олон үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоороо маш олон төрлийн шинж тэмдгээр тухайн өвчин илэрч болдог. Тэгэхээр үүдэл эс шилжүүлж суулгана гэдэг маань цус үүсгэгч үүдэл эс гэдэг юмыг өвчтөнөөс болон донороос аваад цусны үйлдвэрлэлийг шинээр сэргээж байна гэсэн үг.

-Өөрийн үүдэл эс болон донорын үүдэл эс гэж байдаг. Энэ хоёр ойлголт юугаараа ялгаатай юм бэ?

-Хүн болгонд эхээс төрөхөд нь их хэмжээний үүдэл эс байдаг. Эхийн хэвлийд бойжиж буй хүүхэд буюу ургийг хамгаалж шаардлагатай тэжээлээр хангах үүрэгтэй эрхтэн болох эхэст хамгийн их бий. Ясны чөмөг, өөхний эдэд бас олон тооны үүдэл эс байдаг. 

Хүн хөгшрөхийн хэрээр, нас нь явахын хэрээр үүдэл эсийн тоо багасдаг. Тэр хэрээр үүдэл эс маань хүний бие организмыг нөхөн төлжүүлж, сэргээдэг. Ямар нэгэн гэмтэл, эсийн түвшинд гарлаа гэхэд засаж, сэлбэдэг, эсийг дахин үйлдвэрлэх чадвартай эс л гэсэн үг.

Цусны хавдартай хүнд өөрөөс нь болон донороос үүдэл эс шилжүүлэн суулгадаг. Өөрөөс нь гэдэг нь тухайн өвчтөнийг химийн эмчилгээ болон бусад эмчилгээгээр эмчлээд үүдэл эс нь цэвэрших цонх үе байдаг. Тэр үед нь цэвэршсэн үүдэл эсийг нь аваад цусны системийг нь дахин шинэчлэх эмчилгээ хийнэ.

Донороос гэдэг нь тухайн хүнийг химийн эмчилгээгээр эмчилсэн ч гэсэн өөрийнх нь үүдэл эс цэвэршдэггүй үе гардаг. Тийм үед эд нийцлийн тохироо хамгийн сайн донороос үүдэл эсийг нь өвчтөнд хийж, цусны системийг нь шинэчилж, эмчилнэ.

-Тэгэхээр чанарын ялгаатай байх нь ээ?

- Тийм.

-Сүүлийн үед хүүхэд төрсний дараа үүдэл эсийг нь хадгалдаг болчихсон байна. Тэр хадгалсан үүдэл эсийг 20, 30, магадгүй 50 жилийн дараа ашиглах боломж байгаа юу?

-Байгаа. Сүүлийн үед хүмүүс “Үүдэл эсээ хадгалуулах уу, яах вэ” гэж их асуудаг болж байна. Цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгаад, эмчилгээ үйлчилгээний практикт нэвтрүүлээд явж байгаа. Мезенхимийн буюу бусад эд эрхтний үүдэл эсийг эмжилгээнд нэвтрүүлэх ажил судалгааны шатанд явж байна. 

Цусны үүдэл эс эмчилгээний практикт нэвтрээд өдөр тутмын эмчилгээ болчихсон, бусад үүдэл эсийн эмчилгээ судалгааны шатандаа явагдаж байна гэсэн үг. Үүдэл эс бол эмчилгээний маш их боломжтой эс. Хүний дархлааны системийг шинэчлэх, үрэвслийн эсрэг ажиллагааг нь сэргээх гэх мэт.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед “Үүдэл эсээр бүхнийг эмчилж болно” гэсэн сурталчилгаа маш их явж байна. Энэ асуудалд харин маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ судалгаа нотолгоогүй зүйлийг хамаагүй хэрэглэвэл өөрөө өвчин үүсгэх, хорт хавдар үүсгэх, өчүүхэн хэмжээтэй байсан бол дэмжих, дархлааны системийг нь өөрчлөх, эсийн түвшинд маш хүчтэй урвал өгөх гэх мэт олон гаж нөлөө гарч болно. 

Энэ бүгдийг АНУ-ын FDA гэх мэт байгууллагууд судалж байгаа. Тэдгээр байгууллагуудаас зөвшөөрсөн бүтээгдэхүүн их цөөхөн.

Судалгааны шатанд явж байгаа учраас онолын хувьд “Ирээдүйд үүдэл эсийг ашиглаж болно” гэж найдаад дөнгөж төрсөн хүүхдийнхээ үүдэл эсийг авч хадгалуулж байгаа юм. -190 градусын шингэн азотын танк-нд хадгалдаг. Хадгалах нь зөв. Яваандаа шинжлэх ухаан хөгжөөд үүдэс эсийн гайхамшиг эмнэлзүйн практикт нэвтрээд эхлэхэд тухайн хүнд өөрийнх нь үүдэл эсийг ашиглах боломж байгаа.

ЗАЛУУЖУУЛНА, ЭҮҮЛЖҮҮЛНЭ ГЭЭД БАЙГАА "ҮҮДЭЛ ЭСТЭЙ" ГЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭНД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

-Та сая хальт дурдлаа. Олон нийтийн дунд үүдэл эсийн тариа, үүдэл эстэй гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт зүйл зарагдаад байна. Маш их хэрэглэгддэг болсон байна. Үнэхээр эерэг нөлөө байдаг юм уу?

-Өндөр хөгжилтэй орнуудад судалгаанууд хийгдэж байна. Асар их боломжтой эс учраас эд эсийг сэргээх, гэмтлийг эдгээх, дархлааны системийг шинэчлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ шууд эмнэл зүйн практикт хэрэглээд байж болохгүй.

 Судалгаа олон жилд хийгдэх учраас батлагдсаны дараа эмчилгээнд хэрэглэх нь зүйтэй. Ер нь бол үүдэл эс маань шингэн молекул ялгаруулдаг. Тэр шингэнийг нь гоо сайхны салбарт үүдэл эс гэж нэрлээд хэрэглээд байгаа. Тэр нь ерөнхийдөө хөгшрөлтийн эсрэг, үс ургуулах зорилгоор туршилтын журмаар хэрэглэгдэж байгаа. Гэвч эмнэл зүйн практикт хэрэглэгдээд үр дүн гарсан том судалгаа байхгүй.

Тэгэхээр, зах зээлд нэвтэрсэн залуужуулна, арьс гоё болгоно, эрүүлжүүлнэ гээд байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Үүдэл эс бол маш өвөрмөц чанартай эс. Хаа хамаагүй хүний үүдэл эсийг хийвэл дархлааны маш хүчтэй урвал явагддаг.

Жишээ нь, хүмүүс Япон, БНСУ руу яваад өөхнөөсөө үүдэл эсээ соруулаад, лабораторид ургуулаад хийлгэж байна. Гэхдээ тэр лаборатори нь яг стандартын шаардлага хангасан эсэхийг маш сайн судалж байж итгэхгүй бол мөнгөний төлөө маш олон тооны тийм эмчилгээ явагдаж байна. Манай Монголд үүдэл эсийн эмчилгээ, тариа хийх стандартын шаардлага хангасан лаборатори байхгүй.

-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг яг ямар төрлийн өвчинд хийх вэ?

-Маш олон төрлийн цусны хавдар байгаа. Мөн цус төлжүүлэх, цус багадалт, зарим бодисын солилцооны эмгэг, удамшлын эмгэг зэрэг олон төрлийн өвчинд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг.

Ер нь бол энэ эмчилгээг илүү сайжруулж, дараагийн шатанд гаргах хэрэгцээ шаардлага үүсээд байна. 2013 онд Засгийн газрын санхүүжилтээр анхны үүдэл эсийн лабораторитой болж байсан. Тэр нь цаг хугацааны эрхэнд хуучирч, муудаж байна. 

Лабораторио илүү сайжруулж, дараагийн шатанд гаргах шаардлагатай байна. Бидний хийсэн суурь судалгаа дээр үндэслээд сайжруулалт хийх, донорын сантай болох, GMP стандарт хангасан лаборатори байгуулах, дэд бүтэцээ томруулах гэх мэт олон асуудал бид бүхэнд тулгамдаж байгаа.

ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАРИФ 2014 ОНООС ХОЙШ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ, ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

- Хоёр жилийн өмнө төрийн соёрхол хүртсэн. Эрүүл мэндийн салбарт үнэлэшгүй хувь нэмэр оруулсныг үнэлж олгосон байдаг?

-Манай УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгах технологи нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг. Тэртээх 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж байсан. 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг эхлүүлсэн. 2014 оноос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Тиймээс дээд үеийн, ах багийнхан маань төрийн соёрхол хүртчихсэн байсан.

Манай бүтээлийн нэр дэвшиж байсан ч яг авчихна гэж бодоогүй. Тэгэхэд ЕТГ-аас бид бүхэн рүү утасдаад мэдэгдэж байсан. Тэр үед үнэхээр их баярласан. Манай баг их том баг. Биднийг төлөөлүүлээд таван хүнд энэхүү шагналыг өгсөн. Тэрнээс эмч, сувилагч гээд том багийн хамтын ажиллагааны үр дүнд энэ шагналыг хүртсэн гэж бодож явдаг даа.

-УНТЭ-т энэ эмчилгээ хэр хэмжээнд хийгдэж байгаа вэ. Үнэ ханшийг гаднын улсуудтай харьцуулбал их үү, бага уу?

-Одоо ЭМДС-аас санхүүжилтийг нь гаргаж байгаа. Нийт эмчилгээний өртөг нь 72 сая төгрөг гэж тооцсон байдаг. Энэ үнэлгээ нь анх үүдэл эс шилжүүлэн суулгаж байсан 2014 онд тогтоосон үнэ. Түүнээс хойш юмны үнэ яаж нэмэгдэж байгаа билээ. 

Эмчилгээнд хэрэглэгддэг зүйлс, нэг удаагийн хэрэгслүүд түгээмэл бус учраас эм, эмнэлгийн хэрэгслийн компаниуд оруулж ирээд байдаггүй. Тэгэхээр олдоц муутай байдаг. Үнэ нь улам өсөөд байдаг. Гэтэл тогтоосон үнэ нь нэмэгдэхгүй болохоор манай эмнэлэг энэ эмчилгээг хийхэд алдагдалтай болчихоод байгаа юм. Энэ үнэлгээг дахиж хийлгэх шаардлагатай. Тэгвэл илүү олон хүнд хүрэх, хөгжих суурь нь тавигдах юм.

Монголд бид маш хямд хийж байгаа шүү дээ. Гадаадад хамгийн хямд эмчилгээ хийгдэж байгаа улс гэвэл БНХАУ байна. Гэхдээ дор хаяж 300-400 сая болдог. Миний мэдэх хамгийн үнэтэй эмчилгээ тэрбум төгрөг болж байсан. Тухайн хүний биеийн байдал, өмнөх болон дараах эмчилгээ гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Асар өндөр үнэтэй үүдэл эсийн эмчилгээг Монголд үнэгүй шахам хийж байгаа.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.127
    38 минутын өмнө

    Маш чухал ярилцлага болжээ Баяр хүргэе

    Хариулах