Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн сандуулсны 114 жилийн ой тохиож буй.
Тэртээх 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан билээ.
Тухайн үед шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилж, 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг.
Өөрөөр хэлбэл энэ өдөр бол туурга тусгаар Монгол Улсын нийт ард түмний баярын өдөр юм. Дараа нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бүрэн тусгаар тогтнолоо олж авч, 1924 онд Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь тусгаар тогтнолоо бататгасан том шат байв.
Бүр хожим 1945 онд Яалтын гурван том гүрний хэлэлцээрээр Монголын статусыг баталснаар дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1961 онд НҮБ-ын гишүүн болж, дэлхийн бүрэн эрхт улсуудын хүрээнд багтсан түүхтэй.
Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн мэнд хүргэе.
Эл өдрийг УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байв. Улмаар 2011 оны 12 сарын 23-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна