XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 20 дахь жилдээ зохион байгуулна. Энэхүү барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Монгол Улсын аварга 4 төрсөн байдаг. Тодруулбал,
Монгол Улсын аварга Ч.Санжаадамбын тухайд:
2010 оны Бар жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлсэн. Ингээд 2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд долоо даван шөвгөрч “Монгол улсын заан” цол, 2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд ес даван “Монгол улсын арслан” цол, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагваар арав даван түрүүлж “Монгол улсын аварга цол хүртжээ.
Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурийн тухайд:
2011 оны Туулай жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд аймгийн арслан Н.Батсуурь их шөвөгт шалгарсан. Улмаар 2013 онд АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд зургаа даван “Улсын харцага” цол, 2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлэн “Улсын аварга” цол, 2021 онд “Даян аварга” цол, 2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлж “Дархан аварга” цол тус тус хүртжээ.
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн тухайд:
2012 оны Луу жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд аймгийн арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол мөн оны улсын баяр наадамд улсын заан Д.Рагчаагаар ес даван түрүүлж “Улсын арслан” цол, 2020 оны улсын баяр наадамд Монгол улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж “Монгол Улсын аварга” цол хүрсэн байна.
Монгол Улсын аварга О.Хангайгийн тухайд:
2014 оны Морь жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан О.Хангай түрүүлсэн. Улмаар 2017 оны улсын баяр наадамд зургаа даван шөвгөрч “Улсын харцага” цол, 2022 онд улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж “Монгол улсын аварга” цол тус тус хүржээ.
Тиймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүд “Атар” хэвийн боовны нэрэмжит “Оны анхны” барилдаанаар тухайн жилийн өнгөө тодорхойлж, улсын цол хүртэнэ гэж бэлгэшээн амжилттай сайн барилдахыг эрмэлздэг байна.
Тус барилдаан энэ бямба гарагт буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна