Засгийн газраас багш нарын үндсэн цалинг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлж 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон билээ.
Ингэхдээ багш нарын олонх нь гар дээрээ авдаг цалингаа 76 хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан бөгөөд Засгийн газар шаардлагыг хүлээж авч, цалинг нэмэгдүүлэхдээ зарчмын шинжтэй зарим өөрчлөлтүүд оруулсан нь багш нарын дээрх ойлголттой зөрчилдөж, тодорхой хариу үйлдэл гарч магадгүй байна.
Тодруулбал, өмнө нь багш нарын цалинд үндсэн цалингийн эзлэх хувь хэмжээ бага, харин урамшуулал, нэмэгдэл нь мэдэгдэхүйц жин дардаг байсан. Мөн үндсэн цалинг ажилласан жилийг харгалзан нэмэгдүүлж, урамшууллыг тооцохдоо тухайн цалингийн хувиар тооцож олгодог байсан бөгөөд энэ нь олон жил ажилласан багш нарт илүү боломж олгож байсан юм.
Тэгвэл өдгөө багш нарын нэмэгдэл, урамшууллыг үндсэн цалингаас хувь тооцох биш, нэрлэсэн дүнгээр олгох зэрэг өөрчлөлтүүд орсон юм байна. Ингэснээр шинэ, залуу багш нарт ээлтэй болсон сайн талтай.
Харин олон жил ажилласан багш нарын цалин нэмэгдэх ч урамшуулал нь багасаж буй бөгөөд тэд “Багшийн мэргэжлээр удаан ажиллах хүсэл зоригийн эсрэг шийдвэр боллоо” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Товчхондоо, багш нар урьдчилгаа цалингаасаа багцаа авчихаад сарын сүүлийн цалингаа хүлээж байгаа бөгөөд тэр үед “шуурга” дэгдэж магадгүй бололтой.
Багш нарын сэтгэлд нийцэхгүй байгаа бас нэг зүйл нь тэдний цалингийн тодорхой хэсгийг салбарын сайдын тушаалаар олгодог байдал бөгөөд ингэж шийдсэн нэмэгдлийг өндөр насны тэтгэвэрт гарах үед цалин гэж тооцдоггүй юм байна.
Тодруулбал, 1 сая төгрөгийн цалинтай багшийн 150 орчим мянга нь Боловсролын сайдын тушаалаар бий болгосон нэмэгдэл хэлбэрээр явдаг бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтооход энэ нэмэгдлийг тооцохгүй, 850 мянган төгрөгийн цалин авч байсан гэж тооцон тэтгэврийг тогтоодог гэсэн үг юм.
Багш нарын төлөөлөл, холбоодын зүгээс энэ байдлыг тэтгэвэр бага тогтоох арга гэж үзэн, цалин хөлсийг бүхэлд нь Засгийн газрын шийдвэр болгож, тэтгэвэр тогтоолгохдоо авч байсан цалингаа бүрэн тооцуулдаг болох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна