ШҮҮХ: Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнийг "АЛНА" гэж сүрдүүлж, хүч хэрэглэсэн нь тогтоогдсон

Т.Отгонсувд
1 цаг 32 минутын өмнө

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 22-23-нд хоёр өдрийн турш үргэлжилж шийдвэрээ гаргасан. 

Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Б.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэр гаргасан. 

Олон нийтийн зүгээс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Б.Энхсайхан нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрт эргэлзээтэй хандаж, шүүмжилж буй.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд "Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, хоёр прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг хоёр иргэний төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй.

Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй.

Харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн.

Улмаар Ц.Дагвадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч, Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Дагвадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Хэд хэдэн шүүгдэгч нарын дотор насанд хүрээгүй шүүгдэгч байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хуулиар шүүхэд үүрэг болгосны дагуу шүүх хуульд захирагдаж хуралдааныг хаалттай явуулсан болно" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна