Г.Одгэрэл: Ээж маань эмч нарын буруугаас халдвар авч хоёр ч хүнд хагалгаанд орж, сэхээнд байна

Т.Отгонсувд
1 цаг 44 минутын өмнө

Эрт илрүүлгийн шинжилгээнд орж, ходоодоо дурандуулсан иргэн эмчийн буруугаас болж, хоолой нь шархалжээ. Үүнээс үүдэж тухайн иргэний бие халдвар авч, гадны бактери цусны бохирдол үүсгэсэн байна. 

Тухайн явдлаас хойш 69 настай иргэн хоёр удаагийн хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Энэ асуудлаар хохирогчийн охин Г.Одгэрэл манай сайтын редакцид хандаж, дараах ярилцлагыг өглөө.


Тэрбээр "2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ээж минь харьяаллын дагуу Яармагт орших Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байдаг. Тухайн үед цус, шээсний шинжилгээний хариу нь эрүүл гэж гарсан. 

Ингээд ходоодны дуранд унтуулгатай дуранд орсон юм билээ. Сэрснийх нь дараа эмч нь "Би таны хоолойг шархлуулчихлаа. Гурван хоног чацарганы тос уугаарай" гэж хэлсэн байсан. 

Гарч ирээд ээж маань "Хоолой нэг л сонин байна. Ус ууж ч чадахгүй" өвдөж байна гэсэн. Гурав хоног эмчийн хэлсэн тосыг уугаад ч дээрдээгүй тул эргээд эмнэлэг дээрээ очсон. 

Гэтэл эмч нь биднийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү явуулж, улмаар яаралтайгаар хоолойны зүсэлт хийлгэж, хагалгаанд орсон. 

Тус эмнэлгийн эмч нарын бидэнд хэлснээр цусанд нь бохир орсон тул бүх эд эрхтэн нь өвчилсөн байна гэж хэлсэн. Ээж маань өнөөдрийг хүртэл хоёр том хагалгаанд орж, өнөөдөр л ухаан орлоо.

Хоолой нь боогдож, амьсгалж ч чадахгүй болох үедээ "Ээж нь тэсэхгүй нь ээ. Одоо зүгээр үхүүлчих тэгэх үү" гэж надад хэлсэн, аймшигтай.

Миний ээж 69 настай ч өглөө бүр дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл саруул, нэг ч удаа өвдлөө гэж хэлж байгаагүй хүн. Тэр ч утгаараа эрүүл мэнддээ анхаарч эрт илрүүлэгт шинжилгээ өгсөн. Ийм байдалд орно гэж төсөөлж ч байсангүй. 

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмч нар нь эрүүл болгоно, хөл дээр нь босгоно гэсэн ч сүүлдээ миний ээжийн буруу гэж ярихыг нь сонссон. Одоо биднийг анхаарах ч үгүй байгаа.  

Яах гэж ээжийгээ тэр эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд оруулав даа гэж харамсаж байна. 

Би энэ талаар ярьсан нь бусад хүмүүст анхааруулъя гэж бодсон юм. Тухайн эмнэлгийнхээ багаж хэрэгслийн ариутгал, эмч нарыг маш сайн шалгаарай. Элдэв зовиур гарвал хугацаа битгий алдаарай л гэж хэлэхийг хүссэн юм" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна