Б.Нарандэлгэр: Монгол уламжлалт хөгжмийг дэлхий дээр тэрбум хүн сонсдог болоосой

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ Авьяаслаг Монголчууд 2018 шоуны шилдэг оролцогч, Монгол Улсын соёлын элч, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэрийг урьж оролцууллаа.

Түүнийг Монголын ард түмэн Авьяаслаг Монголчууд 2018 шоу нэвтрүүлэгт усан дотор beatbox-н үзүүлбэр үзүүлсэн гэдгээр нь сайн мэднэ.


-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Урлаг уран бүтээл өндөр үү?

-Сайн байна уу Б.Нарандэлгэр байна. Урлаг уран бүтээл өндөр өө.

-Таныг Монголчууд “Beatbox Ray” гэдэг нэрээр тань их таньдаг. Хэзээнээс эхлэн beatbox-р хичээллэж эхэлсэн бэ?

-Би хамгийн анх 2004 оноос Beatbox урлагийг сонирхож хичээллэж эхэлсэн. Хүн амаараа тэрхүү аялгууг гаргаж байгааг сонсоод их гайхаж байсан. Үнэхээр хүн амаараа ингэж хөгжимдөж чаддаг бол хүн хөгжим хэмээх хөөмийг орчин үеийн Beatbox-той хослуулсан төрөл жанраар хөгжүүлэх нь гоё юм байна гэдэг хүсэл мөрөөдлөөр эхэлсэн.

-Тухайн үед танд Beatbox зааж өгсөн хүн хэн байв?

-Тэр үед надад Америкийн Beatbox хийдэг уран бүтээлчийн кассета байдаг байсан. Тэр кассетаг л хөгжим дээр сонсож даган дууриаж хичээллэдэг байсан. Надад энэхүү урлагийг зааж өгсөн миний багш бол тэр кассета.

Beatbox бол цэвэр практик. Өөрийн ашигладаггүй булчингуудаа бүгдийг нь хөдөлгөдөг. Амны хөндий хэлний хөдөлгөөн, уруулын хөдөлгөөн амьсгааны техникээ маш сайн сурах ёстой. Мөн дээрээс нь ритм, мэдрэмжийн асуудал маш чухал.

Намайг Beatbox-р хичээллэж эхэлж байхад орц болгон л нэг Beatbox-чинтой байсан. 2008 онд Монголын үндэсний Beatbox-н холбоо гэж байгуулаад 1000 гаруй залуучуудын дунд тэмцээн зохион байгуулсан түүхтэй.

2018 оны Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлгээр Монголын ард түмэндээ Монгол хөгжмийг технологитой ашиглах ямар боломж байдгийг харуулж байсан бол яг одоо түүнийгээ дэлхий нийтэд таниулж байна.

-Анх ямар авиа дууг хэр удаан сурч байсан бэ?

-2005 онд оюутан байхдаа усны дуслын чимээг сурч байсан. Үүнийгээ байнга давтаж хийхгүй бол болдоггүй. Хичээл дээрээ сууж байгаад энэ чимээгээ давтаад байсан чинь Англи хэлний багш уурлаж байсан. Тухайн үеийн гар утасны мессеж бичдэг чимээ нь усны дусалтай адилхан байсан. Тийм болохоор хичээл дундуур утсаа оролдоод байгаа хүн болиорой гээд багш уурлаж билээ.

Өөр нэг сонирхолтой зүйл яръя.  2007 онд  хамгийн анх Солонгос улсын Бусан хотод зохион байгуулагдсан урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн хөөмийлөнгөө Beatbox хийсэн. Гэхдээ тэр үед яг үзүүлбэрээ үзүүлж байхад хоолойд юм тээглээд ханиалгаад үргэлжлүүлэн үзүүлбэрээ үзүүлсэн. Хэдий миний хувьд алдаа байсан ч бусад хүмүүс эерэгээр хүлээж авч, миний үзүүлбэрт ч сайнаар нөлөөлж байсан.

-Амьдралаа хөгжимтэй холбосноор өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Хөгжим гэдэг өөрөө маш том ертөнц л дөө. Энэ ертөнцөд дурлана гэдэг бол тэр чигээрээ гайхалтай амьдралыг үзэх үзлээс эхлээд маш их өөрчлөлтүүдийг авч байсан.

Монгол уламжлалт хөгжим засал хэмээх шинэ төрлийн урсгалыг хөгжүүлээд явж байна. Энэ хугацаанд Монгол уламжлалт хөгжим хөөмий, алтайн ятга, хэл хуур, цуур гэх мэтчилэн өв хөгжмүүдээр хэрхэн яаж дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох уу, 108 чакраг яаж идэвхжүүлэх үү гэх  мэтчилэн ажлуудыг хийгээд явж байна.

2004 онд анх Beatbox хийж байсан залуу маань одоо уламжлалт хөгжим заслын багш болоод явж байна.

-Таны цаашдын зорилго?

-Би өв хөгжим, хэл хуур хөгжимтэй найзлаад 21 жил болж байна. Хэл хуур хөгжмийн талаарх судалгааг сүүлийн үед маш их эрчимжүүлж байна. Монгол угсаатан хэл хуурчдын холбоог 2023 онд байгуулаад нийтдээ 7 улсад салбараа нээсэн.

Миний зорилго бол Монгол хөгжмөө дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зорилтын хүрээнд олон ажил хийж байна. Дээрээс нь Монголд байгаа өвлөн уламжлагчдаа нээж, илрүүлэх чадавхжуулах, урын санг баяжуулах чиглэлийн олон ажлуудыг хийгээд явж байна.

Уран бүтээлчийн хувьд олон улсад тархсан хөгжмийг  Монголдоо таниулан сурталчилах ажлыг хийж байна. Миний нэг мөрөөдөл байдаг л даа. Монгол уламжлалт хөгжмийг дэлхий дээр тэрбум хүн сонсдог болоосой гэж хүсдэг.

-Бидэнтэй ярилсан танд баярлалаа. Амжилт хүсье. 

-Баярлалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна