Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёс зүйн ноцтой алдаа гарсан УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлж татах агуулга бүхий УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаа билээ. Олон улсын жишгээр бол Парламентын гишүүнийг эгүүлэн татах эрх гагцхүү тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод нь хадгалагддаг. Гэвч Ерөнхийлөгч санаачилсан хуульдаа энэ шийдвэрийг есөн гишүүнтэй, тэдгээр есөн гишүүнийх нь зургаагийн томилгоонд шууд болон шууд бусаар оролцох боломжтой Үндсэн хуулийн цэц гаргахаар заасан нь МАН-ын 2024-2028 онд хэрэгжүүлэхээр амалсан “Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийн 4.3.1. Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай зөрчилдөж буй.
Мөн жагсаалтаас сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах саналыг сонгогчид биш, нам нь эдлэхээр заасан нь жагсаалтын болон тойргийн гишүүдийг ямар нэгэн ялгамжгүйгээр заасан Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн хоёр асуудал маргаан дагуулж буй.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өргөн баригдсан чигээрээ батлагдвал үе, үеийн Ерөнхийлөгчийн нөлөө ялангуяа ҮХЦ-ийн гишүүдийг томилох эрхээ эдэлснийх нь дараа үлэмж өсөх, УИХ-ыг ҮХЦ-ээр хянах, гишүүдийг эгүүлж татах биш, эгүүлж татах нөхцлийг бүрдүүлээд сонгогчдынхоо эсрэг шийдвэр гаргахыг албадах сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол төрүүлж буй.
Эдүгээ хүчин төгөлдөх үйлчилж буй УИХ-ын гишүүнийг Прокурор, Шүүхийн шийдвэрээр эгүүлж татах хуулийн зохицуулалтын үед ч УИХ-ын гишүүдийн хэрэг АТГ, Прокурор, Шүүх дээр гацдаг, гэсэн хэдий ч тэдгээр гишүүд Чуулганд сууж, хууль батлалцсаар байгаа нь энэ хардлагыг үндэслэлтэй болгож буй.
Энэ бол төрийн институци шийдвэр гаргах эрх мэдлийг ард түмнээс хэсэгчлэн салгаж авч байгаа хэрэг бөгөөд хэмжиж болохгүй ёс зүйн асуудлаар эргүүлж татдаг болбол Парламентыг бүхэлд нь барьцаалж, зөвхөн өөрийн сонгогчид буюу ард түмэнд үйлчлх ёстой УИХ-ын гишүүн тодорхой албан тушаалтан, хэсэг бүлэгт үйлчлэх эрсдлийг үүсгэнэ гэж болгоомжилж байгаагаа гишүүд илэрхийлж буй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар шүүх, прокурор дээр нээнтэгтэй 17 гишүүн хууль батлалцаад явж байгаа талаар илэн далангүй хэлж, "УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдсон даруйд нь хууль батлах үйл ажиллагаанд оруулдаггүй байх хэрэгтэй" гэсэн санаачилга гаргасан удаатай.
Түүнчлэн, энэхүү хууль өргөн баригдсан чигээрээ батлагдвал эрх баригч МАН 2024 оны сонгуульд “УИХ-ын гишүүнийг эгүүлж татах эрхийг сонгогчдод нь өгнө” гэж ард түмнийг хууран мэхэлсэн хэрэг болно.
Хамгийн гол нь, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институци нэг, нэгнийхээ талаар хууль санаачлахгүй байх Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа гэдгийг нэр бүхий улстөрчид онцолж буй.
Зарим нэгний хэлж байгаагаар институци хоорондын зөрчил 34 жил буюу шинэ Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох заалт оруулснаас хойш үргэлжилж байгаа. 2019 онд энэ байдлыг дуусгахын тулд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхэнд хуулиар хүрээ хязгаар тогтоож, институци хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг оролдсон.
Гэвч энэ шугамыг Ерөнхийлөгч давж, УИХ-ын тухай хууль санаачилсан нь огцруулах үндэслэл болно гэсэн санааг ч улс төрчид илэрхийлээд эхэллээ.
Уг нь энэ асуудлыг шийдэх арга бий. Энэ нь Ерөнхийлөгч санаачилсан хуулиа өөрөө татаж авах, эрх баригч МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан сонгогчид нь гишүүнээ эгүүлж татах хуулийн төслийг яаралтай оруулж ирж батлуулах. Ингэж чадахгүй бол хоорондоо 34 жил “мөргөлдсөн” гэх Ерөнхийлөгч, УИХ гэх хоёр институцийн нэг нь унаж байж дуусах ч магадгүй.
Ард иргэдийн тухайд, ёс зүйн ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлж татахыг хүсэж байгаа. Гэхдээ сонгосон гишүүнээ эгүүлж татах эрхийг хэн нэгний томилдог ҮХЦ, эсвэл аль нэг намын дарга биш, гагцхүү өөрөө эдлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд орсон, УИХ-ын гишүүнийг эгүүлж татах эрхийг сонгогчдод биш, ҮХЦ болон улс төрийн намд шилжүүлэх агуулга бүхий заалт
“9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;”
“9.1.6.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна