Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг гишүүд өөр, өөрсдийн итгэл үнэмшлээрээ шийднэ

Х.Батсайхан
2 цаг 24 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.  

Ерөнхийлөгч ямар хуулийн төсөл оруулж ирэв

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний тангарагт “Ёс зүй” гэдэг үгийг нэмж тусгах, энэхүү “ёс зүй”-г зөрчсөн бол иргэний гомдлоор УИХ-аар хэлэлцэж, ҮХЦ эгүүлэн татах шийдвэрийг гаргахаар тусгаад буй. Түүнчлэн, жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн гишүүний харъяалах намын төлөөллийн төв байгууллагын саналаар эгүүлэн татах асуудлыг УИХ руу оруулахаар тусгасан.

Энэхүү хууль нь хэдий УИХ-ын гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэсэн боловч Ерөнхийлөгч өргөн барьсан, түүнчлэн эгүүлэн татах эрхийг тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод биш, ҮХЦ, улс төрийн намд шилжүүлэх агуулгатай болсон нь маргаан дагуулж байгаа.

Өөрөөр хэлбэл, ард иргэдийн шилж сонгосон гишүүд УИХ-д очсон хойноо “ёс зүй” гэж хүн бүрт өөр үнэлэмжтэй зүйлээр яллагдаж, хараат бусаар ажиллах боломжгүй, хэн нэг эрх мэдэлтний төлөө ажиллах вий гэсэн болгоомжлол байна. 

Түүнчлэн, энэ хууль батлагдвал МАН-ын 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт багтсан “4.3.1. Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн заалт хэрэгжихгүй болох эрсдэлтэй.

Гишүүдийн хувьд, “Хуулийг хэлэлцэхийг дэмжээд, болохгүй байгаа хоёр заалтыг Ажлын хэсэг ажиллаад засъя” гэсэн нэг хэсэг байна. Хэрвээ энэ хувилбараар болбол УИХ-ын гишүүнийг эгүүлж татах шийдвэрийг ҮХЦ биш, сонгогчдод нь өгч мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломж МАН-ын гишүүдэд байгаа.

Гэхдээ “Энэ хуулийг Парламентаар хэлэлцэж огт болохгүй. Үндсэн хуулийн зөрчил болно гэх нь ч байгаа юм.

АН, МАН-ын бүлэг аль, аль нь санал хураалтад “задгай” орно

Эрх баригч, сөрөг хүчний намууд санал хураалтад “задгай” буюу гишүүдээ хайрцаглахгүй орно гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, гишүүд саналаа өөрсдийн итгэл үнэмшлээрээ өгнө.     

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан бий.

Энэ эрхийг ҮХЦ-ийн гишүүн есөн хүний гарт, жагсаалтын гишүүдийн хувь заяаг шийдэх эрх Парламентад суудалтай намын дарга нарын гарт шилжүүлэх эсэхийг УИХ-ын гишүүд өөрсдөө шийднэ.

 Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд орсон, УИХ-ын гишүүнийг эгүүлж татах эрхийг сонгогчдод биш, ҮХЦ болон улс төрийн намд шилжүүлэх агуулга бүхий заалт   

 “9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;”

“9.1.6.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;”



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна