С.Бямбацогт хуулийн төслийг нэг талаас танилцуулж, манипуляци хийв

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан, “УИХ-ын гишүүнийг ҮХЦ болон намын удирдах байгууллагын саналаар эгүүлэн татах” агуулга бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт өнөөдөр УИХ-ын Чуулган дээр явагдсан.

Санал хураахын өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт “Гишүүд Чуулгандаа орж ирье. Их Чухал санал хураалт. Ард иргэд, олон нийт Парламентын засаглалыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, ёс зүйтэй, ажилдаа цагтаа ирчихдэг, ирцэндээ ороод саналаа өгчихдөг, асуудлаа хурдан шийдчихдэг, байгаасай, хууль зөрчдөггүй байгаасай гэж их хүсэж байгаа. Тийм болхоор санал хураалтдаа бүрэн оролцое” гэх зэргээр ярьсан.

Түүнийг ингэж ярьж байх үед “Манипуляци хийж байна”, “Чи харин өөрөө санал хураалтыг долоо хоног албаар уясан шүү” гэх зэргээр буруутгасан юм.

Гишүүд яагаад УИХ-ын даргыг “Манипуляци хийлээ” гэж хэлэх болов...

Манипуляци гэдэг нь аливаа зүйлийн мөн чанарыг нэг талаас нь, эсрэгээр нь ойлгуулахыг хэлдэг.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд УИХ-ын гишүүн ажилдаа цагтаа ирэх, ирцэндээ заавал орох, асуудлаа хурдан шийдэх тухай ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Тусдаа хуульттай, хариуцлагыг нь чангалъя гэвэл тэр хуулинд нь гарнэ. Энэ хуульд ямар ч хамаагүй. Хууль байгаа үг, өгүүлбэрээс "Ёс зүй" гэдэг ганцхан үгийг л л УИХ-ын дарга онож хэлсэн боловч хууль санаачлагдынх нь хэлдгээр юуг ёсзүйн нотой зөрчил гэж үзэхийг УИХ нэрлэж жагсаах ёстой.   

Хуулийн гол агуулга нь Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ийн шийдвэрээр, жагсаалтын гишүүдийг улс төрийн намын удирдах байгууллагын шийдвэрээр эгүүлэн татах механизм бий болгох явдал бөгөөд энэ нь ард түмний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу сонгож УИХ-д илгээсэн гишүүнийг ҮХЦ-ийн есөн гишүүн, улс төрийн намын дарга, эрх мэдэлтэн гэх хэдхэн хүн ёс зүй гэх тодорхойгүй асуудлаар барьцаалах эрсдлийг үүсгэж буй.  

Сонгосон гишүүнээ эгүүлж татах эрхийг иргэд сонгогчдод нь өгөх талаар энэ хуульд үг байтугай үсэг ч байхгүй. Энэ утгаараа ард түмний хүссэн хууль биш, харин далдуур эрхийг нь булаасан шинжтэй хууль болсныг ашиг сонирхлын зөрчил, хуулийн байгууллагад нээнтэглүүлээгүй УИХ-ын гишүүд ил тод хэлж буй. 

Тэд Парламентыг ард түмэн байгуулж, хянаж, эгүүлж татах замаар дархлааг нь хамгаалах суурь зарчмыг энэ хууль ноцтой зөрчиж байна гэж байгаа юм.

Гэвч УИХ-ын дарга энэ талаар нэг ч үг дуугарсангүй. Хуулиас ганц “ёс зүй” гэдэг үгийг л онож хэлсэн ч цаад эрсдэл, агуулгынх нь талаар нэг ч үг хэлсэнгүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна