МАН-д "дөнгөлүүлсэн" АН-ын 19

Т.Отгонсувд
2026/04/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 126 гишүүнтэй УИХ-ын босгыг давчихлаа.

УИХ-ын гишүүд, улстөрчид төдийгүй олон нийтийг багагүй хугацаанд талцуулаад байсан тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтанд УИХ-ын 101 гишүүн оролцож, 57 нь дэмжиж, 44 нь дэмжсэнгүй.

МАН-аас хуулийн төслийг хэлэлцэхийг 38-ын талынхан дэмжиж, 30-ын талынхан дэмжсэнгүй. Энэ ч ойлгомжтой байсан.

Харин санал хураалтанд оролцсон сөрөг хүчин буюу Ардчилсан намынхны олонхи нь УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох, эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн нь анхаарал татна.

Бүтэн сар маргаан дагуулсан тус хуулийн төслийн агуулгыг Ардчилсан намын гишүүдийн олонхи нь парламентийн дархлааг сулруулж, хараат байдлыг бий болгоно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. 

 УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр, жагсаалтын гишүүдийг улс төрийн намын удирдах байгууллагын шийдвэрээр эгүүлэн татах механизм бий болгох нь алсдаа асар их хохирол дагуулах тухай ярьцгааж байлаа.

Мөн санал хураахын ердөө нэг хоногийн өмнө АН-ын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлэг хоёр одтой улс төрийн шийдвэр гаргаж, олонхиор буюу 25 гишүүн дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн тухай ярьсан. Гэтэл яг санал хураалтын үеэр АН-ынхан намынхаа дээрх шийдвэрээс ухарцгаалаа.

О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Р.Сэддорж, Б.Түвшин, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн гэсэн 19 гишүүн парламентын дархлаа, ардчилалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий хуулийг хэлэлцэхийг дэмжиж, кноп дарсан нь намдаа итгэлгүй болсных уу, эсвэл МАН-ын “томчууд”-ын лоббинд орсных уу гэх асуултыг үлдээж байна.

Ардчилсан үзэлтэй гэж ярьцгаах дээрх гишүүд цагаа тулахад хэлсэн ярьсныхаа эсрэг хэнтэй ч нийлж чадах нөхөд гэдгийг сонгогчид нь харцгааж буй биз.

Харин сөрөг хүчнээс уг хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байсан Ч.Лодойсамбуу тэргүүтэй 14 гишүүн дэмжээгүй санал өгөв. 

Иргэний зориг ногоон нам ч дотооддоо хагарал үүсэж жагсаалтын дөрвөн гишүүн хоёр, хоёроороо хуваагдаж, санал өгөв. Намын дарга Б.Батбаатар болон М.Нарантуяа-Нара нар хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

Санал хураалтын дараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын дарга С.Бямбацогтыг огцрох ёстой хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангасан. УИХ-ынхаа статус, бүрэн бүтэн байдал, дархлааг хамгаалах ёстой хүн нь өнөөдөр энэ хуулийн зөвхөн өөрт ашигтай зйүл заалтыг ярьж ард түмэн болон их хурлыг манипуляци хийж байна. Энэ бол Монголын ардчиллыг булшилж байгаа, цаашлаад ард түмнийг эрхшээлдээ байлгах, төлөөллийн дуу хоолойг боомилж, эрх мэдэлтнүүдийн төлөө кнод дардаг утсан хүүхэлдэйнүүд нь байх үндэс суурийг хангаж байгаа юм" хэмээн бухимдсан нь ч үнэний ортой билээ.

Засгийн газарт хамтарсан ХҮН намын байр суурь тодорхойгүй байсан ч П.Ганзориг, Б.Найдалаа, П.Наранбаяр, Л.Энхнасан нарын дөрвөн гишүүн дэмжээгүй санал өгсөн. 

Харин ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар гадаад томилолтонд явсан гэх шалтгаанаар санал хураалтанд оролцсонгүй.     

Санал хураалтын үеэр АН, МАН, ХҮН-аас томилолтонд явсан гишүүдийг байр сууриа илэрхийлэхээс татгалзаж, нөлөөнд орсон байж болзошгүй гэх хардлагууд байгаа нь ч нууц биш.

Үндэсний эвслийн хувьд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байснаараа эсрэг санал өгөв.

Хууль санаачлагчид цаашид сайжруулж, чамбайруулах боломжтой гэх ч одоогоор эрх баригч намын удирдлагын түвшинд эрх мэдлийг төвлөрүүлэхээр харагдаж буй. Харин УИХ-ын гишүүдийг сонгодог ард түмэнд нь А гэх эрх бий юу.

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.110
    Өчигдөр

    Энэ 19 хулгайч биш юм байна зөв байна бусад нь хулгайчаа хууль зөрчснөө хүлээн зөвшөөрсөн байна эргүүлэн татах хэрэгтэй

    Хариулах
  • 82.149.82.42
    2026/04/17

    Өргөсөн тангаргаасаа няцсан гишүүдийг эргүүлэн татах нь зөв

    Хариулах
  • 103.229.121.215
    2026/04/17

    үгүй дээ, харин зөв харсан АН-ын 19 байхгүй юу даа, энэ мэт эргүү бүдүүн гахай шиг сэтгүүлчид монголчуудын тархийг угаахаас өөр чадалгүй юмдаа

    Хариулах