Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн.
Нэгэнт хэлэлцэхээр болсон тус хуулийн төсөлд агуулгын ямар өөрчлөлтүүдийг хийж, ямар заалт дээр нь ажиллах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Та Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн санал өгсөн. Парламентийн гишүүд хэлэлцүүлгийн шатанд юун дээр анхаарч, өөрчлөх ёстой гэж бодож байна вэ?
-Нэгэнт санал хураалт явагдаад дэмжчихсэн учир өнгөрсөн зүйл дээр олон юм яриад яах вэ. Харин нэгэнт дэмжигдчихсэн учраас хэлэлцүүлгийн явцад сайжруулах ёстой олон зүйл бий. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж байхад ч ажлын хэсэг хэлж байсан. Жагсаалтын гишүүдтэй холбоотой заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх бололцоотой гэж.
Ер нь айл байлаа гэж бодоход хүүхдийг нь хажуу айлынх нь хүн орж ирээд элдэв янзын арга хэмжээ аваад байж болохгүй шүү дээ. Үүнтэй адил эрх мэдлийнх нь уг сурвалж болсон сонгогчид нь хариуцлага тооцдог байх ёстой.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал байгаа бол түүнийг сонгосон субьектэд нь тэр эрх мэдэл байх ёстой гэж бодож байна. Өөр хэн нэгэн биш.
Тухайлбал, тойргийн гишүүнтэй холбоотой асуудал гарахад тухайн тойргийнх нь сонгогчид E-Mongolia апплекшнээр нэвтрээд тэндээ санал хураалт явуулж, босго давбал УИХ-д хэлэлцдэг болох нь зүйтэй.
Жагсаалтын гишүүдийг бол улс нийтээрээ ил тод хараад санал өгсөн учир эргээд гишүүдийг нам нь эгүүлэн татна гэдэг байж болохгүй үйлдэл.
Сонгосон сонгогчид л хариуцлага тооцно уу гэхээс сонгоогүй ямар нэгэн субьект хариуцлага тооцоход орж ирэхээр л буруудчихаад байгаа юм.
Бусдаар зарим гишүүний хэлж байгаа шиг Ерөнхийлөгчийн институт хэтэрхий орж ирж байна гэж харахгүй байгаа.
-Сүүлийн саруудад УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хурцаар яригдаж байна. Тухайлбал, та төрийн ордонд бусдад гар хүрсэн кейс ч тод жишээ боллоо. Хэрвээ УИХ-ын гишүүнийг ёсзүйн асуудлаар нь эгүүлэн татах энэ хууль батлагдаад таныг ёс зүйгүй байна гэж үзвэл та хүлээж авах уу?
-Сонгосон сонгогчид л намайг "Чи биш байна" гэвэл түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ.
-Та УИХ-ын Ёс зүйн дэгийн дэд хороонд өөрөө хандсан гэсэн. Тантай эргэж холбогдсон уу?
-Би хүсэлтээ өгөөд Ёс зүйн дэд хорооны даргатай ярьсан. Энэ хүсэлтүүдээ аваад хуралддаг юм байна лээ. Дараагийн хурлаараа миний асуудлыг хэлэлцэх байх гэж бодож байна.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаргана гэсэн. Танд тухайн ажлын хэсэгт орж ажиллах бодол бий юу?
-Миний хувьд УИХ-ын гишүүний хувиараа л үзэл бодлоо илэрхийлж явъя гэж бодож байна. Ажлын хэсэгт онцолж орох сонирхол алга байна. Гишүүнийхээ хувиар байр сууриа илэрхийлж, саналуудаа гаргана гэж бодож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна