Сүүлийн нэг сар өрнөж буй үйл явдлаас үүдэж, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-д юу болоод байна вэ гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Тодруулбал, ИЗНН-ын нэр бүхий гишүүд "Онц их хурал" гээчийг зарлан хуралдуулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намынхаа даргаараа сонгосон гэх мэдээлэл гарсан. Улмаар дөрөвдүгээр сарын 10-нд Р.Батболдыг намын даргад бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байдаг.
Нөгөө талд ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ талаар "Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын иргэд намын Онц их хурал гэдэг зүйлийг хийсэн. Тэдний энэхүү хууль бус үйл ажиллагаанд манай намын дүүргийн дарга нар очиж, энэ ажлаа зогсоох шаардлага тавьсан. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй" хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, онц их хурал гээч зүйл хийж, намын даргыг "хөөх", хасах боломжгүй. Намын дүрэмд гишүүнийг өөрийн хүсэлтээр биш бол хасах асуудлыг Хяналтын хороо, Ёс зүйн хороо шийдвэрлэдэг гэдгийг онцолсон.
Улмаар ИЗНН дотооддоо хоёр, гурван хүнтэй маргаантай байгаа нь үнэн хэдий ч хоёр даргатай болсон асуудал огтоос байхгүй гэлээ.
Р.Батболдын "Онц их хурал" хүчин төгөлдөр бус бөгөөд намынхаа хуучин тамгыг хууль бусаар ашиглажээ
Улс төрийн намын тухай хуулийн 15.1-д “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна...” гэжээ.
Харин Иргэний Зориг Ногоон намын дүрмийн 18.1-д “Намын Удирдах дээд байгууллага нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу тус намын “Их хурал” байна... гэж зааснаар тус намын эрх барих дээд байгууллага нь намын Их хурал юм байна. Гэтэл Р.Батболд нар намын Их хурлын бүрэн эрхэд халдсан ноцтой зөрчил гаргасныг тус намын Дүрмийн хороо шалган тогтоосон байна.
Мөн тус намын дүрмийн 18.3-т зааснаар “Их Хурлыг зарлан хуралдуулах тов түүнд оролцох төлөөлөгчдийн тоог Үндэсний хороо тогтооно” гэж заасны дагуу Их хурал зарлах нь Үндэсний хорооны бүрэн эрх аж. Тиймээс Иргэний Зориг Ногоон намын Үндэсний хорооноос Р.Батболд тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулсан Онц их хурал гэх үйл ажиллагааны хурлын тов, төлөөлөгчдийн тоог огт зарлаагүй, нэг ч тогтоол шийдвэр гараагүй гэж дүгнэжээ.
Түүнчлэн намын Үндэсний хорооны хурлыг дүрмийн 21.1-д зааснаар “Үндэсний хорооны хуралдаан ээлжит буюу ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа зарлан хуралдуулна. Хурлын товыг Улс төрийн зөвлөл, намын дарга тогтоох ба хурал болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлана" хэмээн заажээ.
Дээрх заалтыг үндэслэн намын дүрмийн хорооноос Р.Батболдын Онц их хурал гэх үйл ажиллагааг дүрмийн хорооны хурлын шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэмээн үзэж холбогдох байгууллагуудад хандаад байгаа гэнэ. Товчхондоо, Р.Батболд нарын аливаа шийдвэр бүгд хүчингүй гэжээ.
Хамгийн ноцтой нь Р.Батболдын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн албан бичигт тус намын хуучин тамгыг хууль бусаар ашигласан байж болзошгүй үйлдэл яригдаж байгаа нь эрүүгийн хэрэг рүү гулсах эрсдэл бий болгоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна