С.Баярцогт дараагийн С.Эрдэнэ болох уу, Н.Алтанхуяг болох уу

Zuv.mn
1 цаг 56 минутын өмнө

С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын ЕНБД-аар сонгогдож, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчдийн чансаанд ёслол төгөлдөр орж ирлээ.

Мэдээж, С.Баярцогт АН-д байгаа цөөн хэдэн шилдэг стратегич, зангарагтай улстөрчдийн нэг мөн нь мөн. Гэвч эрх баригч МАН түүнд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнийн дүрийг хуваарилсан уу, наана нь хэрэг үүсгүүлж нэр дэвших боломжгүй болсон Н.Алтанхуягийн дүрийг оноосон уу гэдэг нь ёстой бүрхэг байна.

Монгол Улсын Шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гурван шатны шүүхээр цагаатгасан хэр нь дөрвөн прокуророор эсэргүүцэл бичүүлээд сэргээсэн. Харин гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон С.Баярцогтын хэргийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нар тусгай санал бичиж, хэрэгсэхгүй болгосон.

Н.Алтанхуягт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэрэг үүсгэж ялласан, С.Баярцогтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Энэ бол тухайн улстөрчийн байдлыг харагдуулах асар том ялгаа.

Гадуур "С.Баярцогт нам доторх өрсөлдөөнд ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж гэмээ нь С.Эрдэнийн үүргийг гүйцэтгэнэ "гэсэн яриа гарч байгаа нь үүнтэй холбоотой. 

Харин сонгууль хүртэл чансаагаа өсгөж, хүчтэй өрсөлдөгч болох шинжтэй болоод ирвэл нь Прокуророор эсэргүүцэл бичүүлээд хэргийг нь сэргээх бузар практикийг дөнгөж саяхан бий болгочихлоо. Энэ бол МАН, энэ намыг удирдаж байгаа этгээдүүдийн Монголын төрд тогтоож буй бузар булай жишиг. Ийм увайгүй байдлаас Ардчилсан нам боловсон хүчнийхээ зарчимч, шударга, нэр цэвэр байдлаар л ялгарах боломжтой.

Юу гэх гээд байна гэхээр, С.Баярцогт одооноос МАН-ын хийж байгаа муу муухай зүйлд дэмжиж оролцох хэрэггүй дээ. МАН нэг гараараа “Чөлөөлөлт” гэж либерал юм яриад, нөгөө гараараа ард түмний сонголтыг ҮХЦ, намын дарга тэргүүтэй хэдхэн хүний гарт өгөх хууль санаачилж байна. Ийм үед иргэд Ардчилсан намд итгэж, сонгосон гишүүнээ сонгогчид нь өөрсдөө эгүүлж татдаг болгох тийш нь чиглүүлээд өгөх улстөрийн хүчин, улстрчийг хайж байна. АН энэ гол найдлагыг тээж байгаа. С.Баярцогт гэтэл хэлэлцэхийг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Цаад агуулгыг нь мэдэж байгаа гэдэг нь ярьж хэлж байгаагаас нь тодорхой ч бөөрөнхий байр суурь илэрхийлж байна. Энэ хууль УИХ-аар батлагдвал ҮХЦ, Дээд шүүхийн шүүгчдийн томилгоог хийсний дараа Ерөнхийлөгийн нөлөө эрс нэмэгдэж байгаа. Магадгүй өөрийгөө нэр дэвшиж ялах магадлалтай гэж бодсондоо ингэж бөөрөнхийлж байж мэдэх ч хамгийн том хүч бол ард түмний дэмжлэг гэдгийг мартаж болохгүй.

     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна