Засгийн газар "Нийслэлийн удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байж магадгүй гэдэг мэдээлэл иргэдээс их ирж байна" гэсэн шалтгаанаар Туулын хурдны замыг зогсоолоо. Албан тушаалтнуудыг хардаж сэрдэх явдал байнга гардаг, иргэд хэвлэл мэдээлэл байнга мэдээлж байдаг. Мэдээллийн дагуу хуулийн байгууллага ч шалгадаг. Гэхдээ тэглээ гээд төрийн ажил зогсож байсан удаагүй. Эрх баригчид хоорондын тэмцэлдээ нүд нь "сохорч", магадгүй, энэ эрх мэдлийн дөрвөн жилд нь хэрэгжих гэж байгаа хамгийн том төслийг зогсоож, мөрийн хөтөлбөрөө умартахдаа тултлаа улайрсныг энэ явдал харуулав.
Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх замаар ард түмэндээ амлалт өгч, үүрэг авдаг.
МАН нь 2024 оны сонгуульд олонхийн саналыг авахдаа “Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформ” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Уг мөрийн хөтөлбөр дотор нь “Ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална” гэсэн бөөрөнхий амлалтуудаас гадна “2-оос доошгүй их сургуулийг дэлхийн шилдэг 1000 их сургуулийн эрэмбэд оруулна”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэж, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг арилгаж экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөшигийн хөндийд их сургуулийн хотхон байгуулна” гэх мэт маш тодорхой амлалтууд байсан юм.
Харин олны анхаарлын төвд байгаа Туулын хурдны замтай холбоотой авто замын сүлжээг өргөтгөх талаар “Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ”, “Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”-ыг байгуулж, хотоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна” гэж амалсан.
Сонгогчид итгэсэн. Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН таван бүлэг, 162 зүйлтэй УИХ-ын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж, илүү нарийвчилсан мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн, нийслэлчүүд итгэж, үнэмлэхүй ялуулсан. Нийслэлчүүд энэ амлалтыг нь л МАН-аас нэхнэ. Хэн нь дарга болох, хэн нь дарга биш болох зам дээрээ түгжирч яваа иргэнд огт хамаагүй.
ҮАБЗ-ийн ЕНБД А.Бямбажаргал нэгэнтээ УИХ-ын гишүүдийг “Ард түмнээс саналыг нь авахдаа алтан гургалдай шиг дуулдаг” гэж шүүмжилсэн. Тэгвэл улстөрч намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж сонгуульд өрсөлддөг. Тэгэхээр яг үнэндээ улс төрийн намууд ард түмний саналыг авах гэж алтангургалдай шиг дуулдаг болж таарч байна.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 2025 оны сүүлээр 33 хувьтай байсан юм гэсэн. Өөрсдийнх нь судалгаа учраас өргж тавьсныг үгүйсгэхгүй. Ард түмний ихэнхийнх нь амьдралыг харахаар 33 биш -33 хувьтай юм шиг харагдаж байгаа нь худлаа биш.
Нийслэлд улсын нийт хүн амын тал нь оршин сууж байгаа. Төвлөрлийг бууруулах чиглэлд хэрэгжиж байгаа том төслүүд Яармаг, Нисэхэд төвлөрч, жилээс жилд оршин суугчдын тоо нь өсөж байна. Яармагийн ганц зам ирэх өвөл ачааллаа дийлэхгүй. Тэр үед бүгд тэр нь, энэ нь гэхгүй, МАН-ыг л зүхнэ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна