С.Эрдэнэбат: Багш нар маань цалин мөнгөндөө санаа зовохгүй боловсролын чанартаа анхаарах боломжтой боллоо

Т.Отгонсувд
1 цаг 19 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар багш нарын цалингийн нэмэгдлийг тавдугаар сарын 01-нээс шинэ нэмэгдсэн цалингаас тооцохоор болсон. 

Энэ талаар багш нарын цалингийн асуудлаар хамгийн их дуу хоолойгоо хүргэж, тэднийг төлөөлж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа. 

Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 01-нээс багш нарын цалингийн асуудлаа шийдлээ. Тэгэхээр энэ шийдвэрээр багш нарын цалингийн асуудал бүрэн шийдэгдэж чадаж байна уу?

Үйлдвэрчний эвлэл Засгийн газартай байгуулсан хэлэлцээрээр багш нарын цалинг оны эхэнд 50 хувь, төгсгөлд 25 хувиар нэмэхээр тогтсон. Гэхдээ тухайн үед төсөв батлагдах тулчихсан, хугацаа давчуу байсан. Энэ асуудлыг анхнаас нь тавьж, хөөцөлдөж явсан гишүүний хувьд хэлэхэд төсөв дутуу батлагдсан. 

Өөрөөр хэлбэл үндсэн цалинг 75 хувиар нэмж, түүнээсээ нэмэгдлүүдээ тооцсон бол төсөв хүрэхгүй байсан. Тиймээс үндсэн цалинг тодорхой хувиар нэмж, нэмэгдлүүдийг өмнөх цалингаас тооцохоор болсон. Үүнээс үүдэж маргаан будлиантай асуудлууд үүссэн. 

Өнөөдөр бол би талархаж байна. Бараг жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн асуудал маань маргаангүй, шинэ, хуучин цалингийн асуудалгүй шийдэгдсэнд баяртай байна. 

Үүссэн байсан асуудалд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Тооцооллын алдаа гарсан байх. Багш нарын цалин 1.480.000 төгрөг байж байгаа 50 хувиар нэмэгдэж, 2.220.000 төгрөг болсон. Нэмэгдлүүд энэ цалингаасаа тооцогдохоор болсон гэсэн үг. 


Багш нарын цалингийн асуудал шийдэгдсэн. Одоо сургалтын чанарын асуудлыг ярих цаг нь болсон байх?

Тийм. Боловсролыг дэмжих жил цалин ярьсаар байгаад дуусах вий гэдэгт их санаа зовж байсан. Миний хувьд төсвийн тодотгол хийх ёстой, багш нарыг ийм байдалтай үлдээж болохгүй гэдгийг хамгийн ярьж байсан. Энэ зүйл маань тавдугаар сарын 01-нээс шийдэгдэхээр болж байна. Ерөнхий сайд болон Боловсролын сайд мөн Үйлдвэрчний эвлэлийг мартаж болохгүй бүгдэнд нь талархаж байна. Мөн үүнийг дэмжиж ажилласан лобби бүлгийн гишүүддээ баярлалаа. 

  Ингэж нэмэхийн тулд багагүй төсөв шаардагдах байх. Төсвийн тодотгол хийх асуудал дээр УИХ-д би 100 хувь дэмжин ажиллах болно. 

Одоо багш нар маань цалин хөлсөө бодохгүйгээр боловсролын шинэчлэл, чанарынхаа асуудалд анхаарах ёстой. Өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаараасай. 

Боловсролын чанарыг сайжруулах дээр ямар шийдлүүд байна вэ?

Боловсролын зээлийн санг багш нарт олгож, гадаадад сургаж хөгжүүлэх шаардлагатай байна. Нэг багшийн ард хэдэн мянган хүүхэд хөгжиж байдаг. Дээд сургууль төгсөөд тэр чигээрээ ажиллаад нэмж, хөгждөггүй асуудлууд байдаг. 

Багш нарын хөгжлийн ялгаанаас үүдэж боловсролын ялгаа үүсдэг. Боловсролын зээлийн сангийн зээлийг багш нарт л олгож байгаа юм шиг боловч хүүхдүүдэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна