УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг хууль түүнтэй холбоотойгоор холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор 72 санал хураалт 14.00 цагаас болох гэж байна.
Дэлхий дээр 93 улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг. Манай улс энэ 93 улсын тоонд багтаж байгаа бөгөөд ур чадварын хувьд тэдгээр улсууд дундаа дээгүүрт ордог байна. Гэхдээ дээрх улсууд бараг бүгд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудлаар тусгай хууль, эрхзүйн орчинтой бол манайд учир дутагдалтай байдаг юм байна.
Шинэ хуулийн төсөлд эд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай реципиентүүдийг дугаарлалд оруулж, тэр нь олон нийтэд нээлттэй байх, донор гарч ирсэн тохиолдолд дугаарын эхэнд байгаа реципиентүүдээс тухайн донорын эд эрхтэнтэй хамгийн их нийцэлтэй тодорхой тооны хүмүүсийг хиймэл оюун ухаанаар сонгож, тэдгээрээс эмчилгээний баг сонголт хийхээр зохицуулсан. Дэлхийн дээр түгээмэл хэрэглэгддэг опт ин, опт аут гэдэг хоёр загварын аль, алиных нь онцлогийг шингээсэн буюу донор амьд ахуйдаа эрхтний донор болохыг хүсэж, зохих гэрчилгээ авсан тохиолдолд ар гэрийнх зөвшөөрөлгүй донор болгох, эсрэг тохиолдолд ар гэрийнх нь гурваас доошгүй хүний зөвшөөрөл шаардах зохицуулалт тусгасан байна.
Мөн эрхтэн худалдаалах асуудлыг бүрэн хориглосон бөгөөд амьд донорын тухайд, гэр бүлийн гишүүдийг нь донор болгох боломжтой бөгөөд эцэг, эх, ах дүү зэрэг цусан төрлийнхөн дээр хүргэн, бэрийг нэмж оруулж өгчээ.
Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Батсүмбэрэл нарын санаачилсан уг хуулийн төсөлд эд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг зохицуулсан тусгайлсан хууль эрх зүйн орчинтой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна