Б.Баярбаатар: Яг хэн нь нүүрсний хулгайч вэ гэдгийг шалгаад, мухарлах цаг нь болсон

С.Гандэлгэр
2 цаг 0 минутын өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, "Би энэ асуудлыг өмнө нь ч ярьж л байсан. Нэгдүгээрт Тавантолгой төмөр замын барих болсон үндсэн шалтгаан. 

Хоёрдугаарт яагаад "Бодь групп" вэ, хэн шалгаруулсан бэ, нүүрсээ ямар үнэ өртөгтэйгөөр тооцсон, цаашид хэдэн төгрөгөөр тооцох вэ, яагаад энэ гэрээг нууцалсан гэдэг үндсэн таван шалтгаан байгаа.  Энэ хүрээнд иргэдийн мэдэх эрхийг олгож нээлттэй болгох ёстой. Тийм учраас ямар нэг байдлаар Н.Номтойбаяр гишүүн бидэнд хандаж, албан бичиг ээ танилцуулаагүй байна. Танилцуулвал миний сая дурдсан таван асуудалд хамаарч байгаа бол дэмжинэ. 

Ер нь нүүрсний хулгай, нүүрсний асуудлыг нэг талд нь гаргах нь зөв. Хэн нь нүүрсний хулгайч гэдгийг ил болгох нь зөв. Тэгэхгүй бол хэн нэгэн гарч ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр нүүрсний хулгайч гээд хэлэхээр тэр хүн нь нүүрсний хулгайч гэдэг цолтой болчхоод байна шүү дээ. Бодит баримт дээр тулгуурлаад түр хороо байгуулаад үр дүнтэйгээр ажиллаад яг хэн нь нүүрсний хулгайтай холбоотой гэдгийг ил тод болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Мэдээлэл өгсөн бол нотолдог байх ёстой. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 110 сая долларын схем ярьж байна. Нэг сая доллар нь бол УИХ-ын гишүүн авсан гээд хэлсэн байна лээ. Үлдсэн 109 сая ам.долларыг хэн амсан гэдгийг нь нотлох хэрэгтэй. Б.Энхбаяр сайд "хүн алаад шатаачихсан" гэж ярьснаа нотол! Одоо нүүрстэй холбоотой хэрэг улс төрийн зэвсэг болчихлоо. Хэн дуртайгаа нүүрсний хулгайчаар нь дуудаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна