МАН Р.Батболдод Б.Батбаатарыг "мөргөхөд" нь туслах уу, ашиглаад хаях уу

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

ХҮН нам хэдэн жилийн өмнө үүсгэн байгуулагч С.Ганбаатарыг шахан гаргаж, Т.Доржханд, Б.Найдалаа нар удирдлагыг гартаа авсан билээ. Энэ үйл явдлыг тухайн үед МАН-ын дэмжлэгтэй өрнөж байгаа гэсэн хардлага гарч байсныг санах нэг нь санаж байгаа байх.

Тэгвэл УИХ-д суудалтай ИЗНН дээр яг ийм байдал давтагдаж байна. Тус намаас жагсаалтаар сонгогдсон Р.Батболд гишүүн нэр бүхий хүмүүстэй нийлэн ИЗНН-ын онц их хурал гэгчийг зохион байгуулж, өөрөө даргаар нь сонгогдсон. Энэ үйл явдлыг яагаад ХҮН намд өрнөсөн үйл явцтай адилтгаж, МАН ард нь байж магадгүй гэж хэлж байна вэ гэвэл, Онц их хурлаас намын даргаар сонгогдсон гэх Р.Батболд нь Г.Занданшатарын танхим огцорч, Н.Учрал танхимаа бүрдүүлэх эгзэгтэй үед “ИЗНН Засгийн газарт орж ажиллахгүй” гэдэг бичгийг шинэ Ерөнхий сайд руу явуулж намаа хөөдсөн, Ерөнхий сайд Н.Учрал тэр бичгийг нь ИЗНН-ын албан ёсны байр суурь гэж үзэн хүлээгээд авчихсан явдал юм.

Энэ явдлаас хойш Р.Батболд гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль, Туулын хурдны зам гэх мэт асуудлууд дээр МАН дахь хагарсан хоёр талын олонхийн байр суурийг байнга дэмжиж, сөрөг хүчин гэхээргүй хандлага гаргаж ирсэн байдаг. Үүнээсээ болоод “Онц их хурлын шийдвэрийг хүчинтэй болгож, намын тамгаа авах тохироо хийсэн учир МАН-д үйлчилж гүйгээд байгаа” гэсэн ярианд ч орсон.

Өөрөөр хэлбэл, намынхан болоод олон нийт Р.Батболдын ард МАН байгаа гэж хардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал илт маапаантайгаар, хэдэн хүн цуглуулж дарга болсон хүний албан бичгийг хүлээж авч ИЗНН-ыг танхимдаа оруулаагүй, сүүлд ИЗНН Байнгын хороон гишүүнээс хасуулах хүсэлтийг УИХ-д гаргахад С.Бямбацогт дарга илт өмгөөлж байсан гэх зэрэг бодит фактаар энэ таамаг биежиж буй.

Тэгвэл ИЗНН эцсийн арга хэмжээ болгож, Р.Батболдыг намаасаа хөөх шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Р.Батболдын ард МАН үнэхээр байсан уу гэдгийг эцэслэж харуулах цаг тулж ирж байна.

Олон жилийн өмнө ХҮН нам яг ийм байдалд үүсгэн байгуулагчаа шахсан ч сөрөг одоо хүчний үүргээ хангалттай биелүүлэх хэмжээний потенциальтай улс төрийн хүчин болж төлөвшсөн. ИЗНН-д байдал ямраар эргэхийг цаг хугацаа харуулах болж байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.2
    12 минутын өмнө

    Deed shuuhed burtguulij chadahgui tatah buugdah namiin ard hen ch baigaa gadaad yaah ve dee

    Хариулах