НИТХ яг одоо ээлжит бусаар хуралдаж, 20 асуудал хэлэлцэж байна. Тэдгээр 20 асуудал дотор НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудал багтжээ. Хурлыг өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын Зөвлөл, Ажлын хороод хуралдаж, хэлэлцэх асуудлуудаа тогтсоны үндсэн дээр зарласан гэдэг нь хуралд оролцож байгаа төлөөлөгч нарын ярианаас тодорхой байна. Өөрөөр хэлбэл, даваа гарагт НИТХ хуралдана, хурлаар НИТХ-ын дарга А.Баярын асуудал яригдана гэдэг нь өнгөрсөн долоо хоногт л тодорхой байжээ.
Хуулийн байгууллага НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг баасан гарагт баривчилсан, Эрүүгийн цагдаагийн алба амралтын өдрийг үл харгалзан Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг шөнө дөлөөр баривчилсны учиг зангилаа энд байсан байж болохыг болж буй үйл явдал харуулж байна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарт сануулга өгөхийн тулд орлогч Т.Даваадалай, төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нарыг баривчилсан байж магадгүй байна.
Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдэд асуудал байхыг үгүйсгэхгүй, түүнийг хуулийн байгууллага шалгах бүрэн эрхтэй. Гэвч АТГ-ын ч тэр, ЭЦА-ны ч тэр үл ажиллагаагааны идэвхжил улс төрийн чухал үйл явдлуудтай давхцаад байгаа нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлж байгаа юм. Бүр тодорхой хэлбэл, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудал бол МАН дотор явагдаж байгаа дотоод зөрчлийн нэг илрэл нь тодорхой. Гэтэл улс төрийн нэг намын асуудал хуулийнхны асуудал болж, хуулийн байгууллага намын "зодоонд" ашиглагдаж байгаа бол энэ маш ноцтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна