АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн тэрбумтан Жеффри Эпштейний хувийн баримтууд дотор тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой байсныг батлах цахим захидлууд байсан билээ. Тэр тусмаа Х.Баттулгатай холбоотой захидлуудад түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Ж.Эпштейн тусалсан байж болзошгүй агуулга бичигдсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар тэрбумтан Ж.Эпштейнтэй холбоотой байсан гэх дээрх асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.
Асуулгадаа тэрбумтан Жеффри Эпштэйн нь Монгол Улсын гадаад бодлого болон үндэсний язгуур эрх ашигтай холбоотой асуудлаар Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хувь хүмүүс (тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин зэрэг)-тэй албан болон албан бус холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан эсэх, Жеффри Эпштэйн Монгол Улстай холбоотой хийж байсан ажил, үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага мэдээлэл авч байсан эсэх, энэхүү харилцаа нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх зэрэг асуудлууд багтсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна