Өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн.
Тэрбээр, “Нийслэлийн эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлыг авч болдог бас өгч болдгийг тодорхой харуулъя гэж бодсон. Би ОХУ-д зүтгүүрийн инженер, Австрали улсад инженерийн болон менежментийн чиглэлээр магистр хамгаалсан бөгөөд өнгөрсөн 17 жилийн хугацаанд Улаанбаатар төмөр зам, Оюутолгой, Вагнер Ази, Бодь интернэйшнл зэрэг томоохон компаниудын бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллаж байсан туршлагатай.
Сүүлийн хагас жилийн хугацаанд миний болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажиллагаа явагдсан.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй НИТХ-ын төлөөлөгч А.Баяр тэргүүтэй хүмүүс албан тушаалын төлөө улайрч, улс төрийн зорилгоор санаатай дайралт хийж байна. Мөн Туул гол дагуух бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буй иргэн Хариад Уянга, Ц.Лут-Очир нар улс төрийн захиалгаар 18 жил гацсан төслийг дахин зогсоохыг оролдож байна. Хариад Уянга сүүлийн үед Э.Бат-Амгалангийн өрөөнөөс салахгүй байгаа.
Энэхүү улс төржилтийн улмаас өнгөрсөн хугацаанд би ТҮЦ эрхлэгчдэд, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүнд тархиндаа хөнгөн гэмтэл авах хүртлээ мөргүүлсэн. Эр хүний хувьд бол гомдохгүй.
НИТХ-ын 45 төлөөлөгчийн 35 нь А.Баярыг огцруулах санал гаргаад байхад тамга тэмдгээ авч зугтах бус, ёс зүйн хариуцлагаа хүлээж албан тушаалаа хүлээлгэн өгөх хэрэгтэй.
Би хуулийн байгууллагадаа хүндэтгэлтэй хандана. Тиймээс өнөөдөр ажлаа өгч АТГ-тай хамтран ажиллаж, дуудсан үед нь очиж өөрийнхөө гэм буруугүйг шалгуулна" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна