Ч.Лодойсамбуу: Хотын дарга өөрөө сайн дураараа ажлаа өгч шалгуулах ёстой

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Туулын хурдны зам буюу нэгдүгээр тойрог замын төслийн асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурж, энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилсан. Гэтэл эрх баригч намын зүгээс ажлыг гацааж, зогсоох хандлагатай байна.

Ер нь сүүлийн үед төрийн ажил яаж явдаг болсон бэ гэхээр эхлээд үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээллийг сошиал медаигаар сэвнэ. Түүнийхээ дараа хянан шалгах түр хороо байгуулна. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллага ажлаа хийхээс өмнө сошиал шүүхээр оруулдаг. Сошиал шүүх шийдэх юм бол хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаа түүнийхээ дагуу явуулдаг. Тэр нь мөн сошиал шүүхээр сайн үнэлгээ авч байх юм бол шүүх нь дагаж шийдвэр гаргадаг буруу жишиг рүү орчхоод байгаа юм.

Ил тод хууль зөрчсөн Монголын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн хууль бусад санхүүгийн баталгаа гаргадаг хамгийн наад захын энгийн стандартыг зөрчсөн шийдвэр гаргаад төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн хотын дарга өөрөө сайн дураараа ажлаа өгөх ёстой. Өнөөдөр Т.Даваадалай гээд орлогч даргыгаа урдаа тавьчхаад нөгөө хүн нь ажлаа өгнө гээд үндсэндээ өмнүүр нь хаалт хийж явж байгаа юм шиг дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ бол асар том хохирол Монголын ард түмэнд үүсгэчихсэн байж байгаа нь баримтаар ил байна. Тиймээс ажлаа өгч шалгуулах нөхцөл нь бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд 4 их наяд болж нэмэгдсэн. 2021 оноос Нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Хот бонд гаргах, татвар хураамж тогтоох, концесс шалгаруулах онцгой эрхтэй болсноор иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдсэн.

Ардчилсан нам бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Харин хуулийн дагуу, төсөв ил тод, байгаль орчны үнэлгээтэйгээр хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна