Ерөнхийлөгчийн хуулийг Х.Тэмүүжингээр сөрүүлэх хүсэл С.Баярцогтыг генсек болгох эрх ашигтай сөргөлдөв үү

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

-АН-ын "Бөлдөг"-тэй гишүүдийг базах МАН-ын ээлжит тоглолт орж ирэв үү-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, даргаа сонгох байсан ч чадсангүй. Бүлгийн даргын төлөө өрсөлдөх хоёрын нэг нь болох Б.Түвшин хурал хойшлуулах санал гаргаж, УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцээр эгүүлж татдаг болгох “Ерөнхийлөгчийн” гэгдэх хуулийг дэмжсэн Б.Пүрэвдорж, Ц.Баатархүү, О.Амгаланбаатар тэргүүтэй хэсэг бүлэг дэмжжээ.

Хэвлэлд, бүлгийн даргаа Х.Тэмүүжинд өгвөл С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэх ацан шалаанд орсон учир хурал хойшилсон гэсэн мэдээлэл гарсан. Улмаар Хяналтын ерөнхий хороо нь намын бодлогыг "базах" Улс төрийн зөвлөл  байгуулах тогттолоо хүчингүй болгожээ. Шалтгааныг нь олонх Х.Баттулга, С.Баярцогтын зөрчилтэй холбож байгаа ч цаана нь парламентын ардчилал, эрх баригчидтай холбоотой, АН-ын дотоод асуудал гэхээргүй том эрх ашиг байж мэдэхийг болж өнгөрсөн үйл явдал харуулж байгаа юм.  

Бүр тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн хуулийг УИХ-аар хэлэлцэх болсон үйл явц АН-ын бүлэг дээр давтагдаж байгаа байдал өчигдөр харагдлаа.

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ээр жагсаалтын гишүүнийг намын удирдах байгууллагын саналаар эгүүлэн татдаг болох хуулийн төслийг Парламент руу оруулж ирэхэд Ардчилсан нам тэр чигээрээ эсэргүүцэх шинжтэй байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт долоо хоногоор хойшлуулсныг уншигчид санаж байгаа. Тэр сунгасан долоо хоногт хууль хяналтн байгууллага Ардчилсан намын гишүүд дээр ажиллаж, муухайгаар хэлбэл “бөлдөг” хайсан гэгддэг. Удаа ч үгүй Парламент дээр санал хураахад АН-ын 19 гишүүн нөгөө тийшээ явчихсан. Тэдгээр 19-өөс хуулийнханд “бөлдгөө” хамгийн лав атгуулсан гишүүнээр Б.Түвшин тодорсон гэдгийг ч улс төрийн хүрээнд хэн хүнгүй л ярьж байгаа.

Гэтэл удалгүй” Ерөнхийлөгч АН-ын Бүлгийн даргад өөрийнхөө хүнийг тавих санаатай байна” гэсэн яриа гарч, Б.Түвшингийн нэр яригдаж эхэлсэн нь юуных вэ.

Сая Ардчилсан намын бүлгийн хурлыг хойшлуулах талд санал өгсөн 22 гишүүнийг харахад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүд бараг тэр чигээрээ байна.

Уг нь өглөөхөн л намын дарга О.Цогтгэрэл, Бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу тэргүүтэй 24 гишүүн Х.Тэмүүжинг бүлгийн даргад дэмжихээр яригдаж байсан.

Гэвч дэмжих үндэслэлээ “Намын үзэл санаа, Парламентын ардчилал, Парламентын засаглалаа маш үндэслэлтэйгээр хамгаалж чадах үзэл санаа тээгч хэрэгтэй байна” гэдэг байдлаар томъёолж эхлэхтэй зэрэг Бүлгийн даргын сонгууль Ерөнхийлөгчийн хуультай шууд холбогдож, улмаар асуудлаа шийдэж чадалгүй хойшилсон дүр зураг харагдана.

Бүлгийн хурлын үеэр дөрвөн гишүүн гэнэт “урваснаар” хүчний харьцаа 22/18 болсон гэх. Шийдвэрлэх мөчид О.Алтангэрэл, Б.Пунсалмаа, Б.Бейсэн, Ш.Бямбасүрэн нар цаашаа явсан гэлцэж байна.

Эцэст нь, энэ бүх асуудлын зангилаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг үр дагаврыг нь мэдсээр байж дэмжсэн байр суурь илэрхийлсэн С.Баярцогтыг намын ЕНБД-аар томилох эрх ашигтай холбогдож байна гэхээр харамсалтай. Эцсийн мөчид намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийг гэнэт ухамсарлана гэж найдахгүй л юм бол С.Баярцогтоос одоо юу хүлээх юм бэ.       

Ардчилсан нам бол УИХ-д 42 суудалтай хүчирхэг улс төрийн хүчин. Монголын ардчиллын хамгийн том баталгаа. Эрх баригчид, нам бус гэдэг ч хэрэг дээрээ шал худлаа Ерөнхийлөгчтэйгөө нийлээд ард түмний сонгосон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг есхөн гишүүнтэй ҮХЦ-эд, жагсаалтын гишүүдийг нэр дээрээ намын удирдах байгууллага, нэдэр дээрээ намын даргын атганд хийх хууль санаачилсан нь /Хууль хэрэгжихийн цагт гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх заалт нэр төдий болж хувирах эрсдэлтэй/ нууцгүй хэлэхэд Ардчилсан намын 2027, 2028 оны сонгуульд ялалт байгуудлах хамгийн том боломж.

УИХ-ын гишүүнийг сонгосон ард иргэдийнх нь саналаар эгүүлж татах хуулийг бүлгээрээ санаачлаад оруулаад ирэхэд л нийгэм одоохондоо далд байгаа санаархлыг эрүүл нүдээр харж эхэлнэ.

Гэтэл ийм арчаагүй, итгэлгүй байгаа нь ичгэвтэр байна.     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.76.199.153
    13 минутын өмнө

    Баярцогт далд орооч

    Хариулах