З.Мэндсайхан: Татварын хууль батлагдвал богино хугацаанд эдийн засагт 0.7, өрхийн орлогод 3.2 хувийн өсөлт гарна

Zuv.mn
36 минутын өмнө

Татварын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн “УИХ-аас гарах хууль, тогтоомжтой уялдуулж ААН-үүд ажлаа төлөвлөдөг. Тэгэхээр хуулийн төслийн үндсэн концепц юу вэ, хуучин зохицуулалтаас юу, яаж өөрчлөгдөж байгаа вэ” гэж асуулаа.

Сангийн сайд З.Мэндсайхан “Татварын өөрчлөлтийн үндсэн концепц бол иргэдийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлэхээс гадна. Олон улсын нөхцөл байдалтай уялдуулаад богино хугацаанпд эдийн засагт нөлөө үзүүлэх заалтуудыг оруулж ирж байгаа. Хуулийн өөрчлөлтүүд хийгдсэнээр иргэн, аж ахуйн нэгжийн татвар 2.2 их наяд төгрөгөөр буурна. Ямар, ямар өөрчлөлт орж байгааг танилцуулъя.

Татварын Ерөнхий хуульд:

-Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг үнэлэх, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих механизмыг бий болгож, хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөхөд чиглэсэн тогтолцоог хэрэгжүүлэх,  

-Татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх зохистой, үе шаттай арга хэмжээ авдаг болгох,

-Татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдлээс хамгаалах зорилгоор алдангийн хэмжээ үндсэн татварын 50 хувиас хэтрэхгүй байх

-Татварын хяналт шалгалтаар ноогдуулсан актын алданги, торгуулийн татвар ногдуулалтын асуудлаар татвар төлөгч гомдол гаргасан тохиолдолд гомдол шийдвэрлэгдэхээс өмнө татварыг нэхэмжлэхгүй байх,

-Тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгож нэмэх өөрчлөлтүүд орж байгаа.

Нэмээд хэлэхэд, цалин хөлсний орлоготой буюу хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогоос хувь хүний орлогын албан татвар авахгүй байх, ААН-үүдийн хувьд татварын 90 хувийн буцаалтын босгыг 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгох, томоохон ААН-үүдийн 6-14 тэрбум хүртэлх төгрөгийн ашигт 15 хувийн татвар ногдуулах шатлалыг дунд нь оруулж өгье. Өмнө нь 6 тэрбум хүртэлх 10, түүнээс дээш 25 хувь байсан. Хэрвээ хуулийн төсөл багтлагдах юм бол эдийн засагт богино хугацаанд 0.7 хувиар, иргэдийн өрхийн орлдого 3.2 хугацаанд өсөх боломж харагдаж байгаа” гэлээ.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна