Мастер үсчин М.Энхтүвшин: Гурав дахь жилдээ явуулын үсчин хийж байна. Цонхгүй машиндаа цонх гаргаад яг өөрийнхөө санаагаар тохижуулсан

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 23 минутын өмнө

"Би үсчин болоод 13 жил болж байна. Мастер зэрэгтэй, 300 гаруй шавьтай. “Энхжин гуа” үсчин, гоо сайханчдын холбоотой. Энэ чиглэлээрээ насаараа ажиллана л гэж бодож явдаг" хэмээн ярих түүнийг  М.Энхтүвшин гэдэг.  Тэрбээр явуулын үсчин хийгээд гурван жил болж байна. Явуулын үсчнээр гэртээ байдаг, хөгжлийн бэрхшээлтэй, гэрээсээ гарч чаддагүй хүмүүс гол төлөв үйлчлүүлдэг байна.  Гудамжинд машинаа зогсоогоод үс засахад түрээс төлөхгүй. Одоо байгууллагуудын түрээс өндөр болсон. Ингээд явбал түрээс төлөхгүй болохоор ийм санаа гаргасан. Хүн болгон харчихаад л ямар гоё үйлчилгээ вэ гэж хэлж, урам, ажиллах эрч хүч өгдөг. Хүмүүсийн чухал хэрэгцээтэй үед дуудлагаар очоод үсийг нь засчихна хэмээн ярих түүнтэй ярилцлаа. 

-Мастер үсчнээр гудамжинд үсээ засуулах бас сонин байх даа?

-Тийм шүү, хүмүүс ямар гоё санаа олоо вэ. Яасан сайхан тохижуулаа вэ гэж урамшуулдаг. Тэгээд мастер зэрэгтэй үсчнээр үсээ засуулаад ямар азтай тохиолдол вэ гэдэг.

Цонхгүй машиндаа цонх гаргаад л яг өөрийнхөө санаагаар тохижуулсан. Ойролцоогоор 20-иод сая төгрөг орсон байх. Энэ бол миний хобби. Хоббигоо мэргэжил болгоод мэргэжлээрээ бизнесээ хийгээд явж байна. Үсээ засуулаад кайф авч, олон дахин толинд харж инээж байгаа төрхийг харах хамгийн гоё.

Явуулын юмыг хөгжүүлж байгаа. Үсчингийнхээ хажууд Street food буюу явуулын хоолны газар нээчихсэн. Хоёуланг нь зэрэг ажиллууллаад байж байна. Иймэрхүү зүйлс манай улсад хөгжвөл түрээс багатай, ачаалал багатай. Монголчууд ч гэсэн ийм газруудаар үйлчлүүлээд сурч байна.

Би хамгийн анх сарын 1.5 сая төгрөгөөр Халдвартын эцэст 50 ам.метр талбай түрээсэлж байсан. Жилийн дараа 1.8 сая төгрөг болж, нэмэгдсээр байгаад сүүлдээ 3.5 сая хүрээд ус цахилгаан нэмэгдэж түрээсээ барахаа больсон. Тэгээд түрээсгүй ажлын байр олъё гэж бодоод ютүб дээрээс харж, ийм ажлын байр байдаг талаар мэдээд санаагаа олж авч байсан. Явуулыг барбер шопыг Нюй Йорк хотод байхдаа харж байсан. Яг хийе гэж бодоогүй байж байгаад түрээс нэмэгдэх тусам болих шийдвэр гаргаж ийм үйлчилгээг нээсэн.

Манайх хаана ч дуудсан яваад л очно. Залуучуудаа зорьсон зүйлдээ үнэнч, тууштай байгаарай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна