Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Х.Есү
2026/04/13

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр болж, дүүргийн өмч хамгаалах зөвлөлийн тайлан, Олон нийтийн эргүүл ажиллуулах тухай, Хэрэглэгчийн үнэлгээ судалгааны тухай болон Гамшгийн үед үзүүлсэн тусламжийн тайлан болон бусад асуудлыг хэлэлцлээ. Мөн хэлэлцсэн асуудлын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд.

Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 05-р сарын 01-нээс 06-р сарын 01-ний өдөр хүртэл дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого зохион байгуулахаар боллоо. Улмаар энэхүү тооллогын дараа дүүргийг бүсчилсэн байдлаар хувааж тухайн бүсэд байрлах хашаа, хайс, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээг хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулан хариуцуулж ажиллах талаар санал солилцож, Зөвлөлийн гишүүд дэмжлээ. 

Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар хүртээмж болон иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр дүүргийн 68 мянган өрхөөс дотоод нөөц боломжоо ашиглан хэрэглэгчийн судалгаа авах. Улмаар тухайн судалгаа, мэдээлэлд тулгуурлан холбогдох чиг үүргийн хүрээнд ажлаа эрэмбэлж хийх талаар Зөвлөлийн гишүүд санал солилцлоо. 

Дүүргийн Засаг дарга 1-34 хорооны оршин суугчидтай уулзах уулзалтын үеэр нийтийн эзэмшлийн гудамж талбайд архины хамааралтай хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн гомдол ирүүлсэн. Энэ хүрээнд 04-р сарын 15-ны өдөр дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс болон бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулсан Цахим хурал зохион байгуулж, 1-34 хорооны хэсгийн ахлагч нарт заавар, зөвлөгөө өгөхөөр боллоо. 

Мөн хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах зорилгоор дүүргийн Усан спорт сургалтын төв, Спорт хорооны Усан бассейн, Хүүхэд залуучуудын соёлын ордон зэрэг олон хүүхэд үйлчлүүлдэг газруудад мэргэжлийн байгууллагууд хамтарсан үзлэг шалгалт зохин байгуулах талаар санал солилцож, Зөвлөлийн хурлын гишүүд дэмжлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна