Хүний гавьяат эмч Ж.Энхцэцэг: 40 жил цагаан халад өмсөөд эх үрсийн эрүүл мэндийн төлөө явлаа

Zuv.mn
2 цаг 17 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Эдгээр эрхмүүдээс Хүний гавьяат эмч цол хүртсэн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, багш, доктор профессор Ж.Энхцэцэгийг онцолж байна.

Тэрбээр "Засаг төрөөрөө үнэлүүлээд эхлэхээр өөрийн эрхгүй аав ээжийгээ санадаг юм байна. Намайг жаахан хүүхэд байхад аав минь “Миний охинд цагаан халад маш гоё зохино” гэж хэлдэг байлаа. Жаахан хүүхэд аавынхаа мөрөөдлийг биелүүлж, мундаг хүн болох гэж үздэг шүү дээ. Анагаах төгсөөд хүний их эмч болсон ч халад өмссөнөө харуулж амжаагүй. Миний аав тэнгэрээс харж байгаа. Ийм өдөр түүнийгээ дурсахгүй байхын аргагүй.

Би хоёр сайхан ээжтэй, тэд маань 90 гаруй настай. Энэ боломжийг ашиглаад тэдэндээ урт насалж, удаан жаргаарай. Байнга охиныхоо араас сүүгээ өргөдөг хоёр сайхан ээж минь охинтойгоо урт удаан хамт байгаарай гэж хэлэх гэсэн юм.

Энэхүү шагналыг ганц би биш, миний амьдралын луужин болсон, Анагаахын алтан үеийн багш нар бий. АШУҮИС гэдэг бол Монгол улсдаа хамгийн шилдэг сургууль. Миний насаараа овоглох байгууллага. 1984 оноос хойш оюутан болсноо тооцвол нийт 40 гаруй жил цагаан халад өмсөөд эх үрсийн эрүүл мэндийн төлөө явлаа.   

Би үе үеийн шилдэг багш нараар хичээл заалгасан шавь учраас муу байж болохгүй. Би өөрөө багш, эмч хүн. Хичээл заасан шавь нар минь Монгол улсын өнцөг булан бүрт эх барих үүрэг гүйцэтгэж байгаа.

Намайг үргэлж ажилтай, зорилотой, хүсэл мөрөөдөлтэй байлгадаг, нэг мессежээр ч хамаагүй дэмжиж байдаг Монголын ард түмэндээ талархсанаа илэрхийлье. Монголын ард түмэн минь бүгд, тэр дундаа эмэгтэйчүүд, эхчүүд минь эрүүл энх байгаасай” гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна