Ерөнхий сайдыг утаатай танилцсанд баярлах ёстой юу?

2017/01/11
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэр хорооллоор явж, утаатай танилцсан тухай мэдээлэл сошиал ертөнцөөр тархаж, түүнийг дэмжигчдийн хуудсаар хуурай магтаал, дэмжсэн сэтгэгдэл дүүрэн. Уг нь Ерөнхий сайдын албан тушаалтай хүн гэр хорооллын утаатай танилцсанд нэг их гайхширч, саймшраад байх зүйл биш л дээ.

Үе үеийн өндөр албан тушаалтнуудын “сонгодог”, яг үнэндээ хуучирч хоцрогдсон PR. Төрийн томчуудыг их тэнгэрт заларч, гэр хорооллынхны борог амьдралыг гадарлах ч үгүй гэх ойлголтоос үүдэн хэн нэгэн нь ядарсан ардынхаа дунд очвол нэр хүнд нь өснө гэж зөвлөдөг байх. Эрхэм Ерөнхий сайд маань гэр хорооллын гудамжаар алхаж, хөөрхий ард түмэн нь хэр зэргийн гашуун утаагаар амьсгалдагийг өөрийн биеэр мэдрэх гэсэн юм болов уу. Ингэсэн бол ядаж дулаан хувцас өмсч, энгэрээ товчилмоор.

Ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга гээд албан тушаалтнуудын утаатай танилцсан түүх нэг иймэрхүү тавилттай жүжиг байдгыг эрхбиш гадарлах л. Ерөнхий сайдаа, энэ мэт хуучирсан арга барилаар ажиллаад хол явах уу. Утаагүй түлш, сайжруулсан зуухны бизнесийг цэцэглүүлсэн ч утаагаа гамшгийн хэмжээнд алдсан өмнөх Засгийн газруудынхаа хуучирсан аргыг давтаж байгаад харамсч байна. Таны гаргасан шийдвэр гамшиг дагасан явуургүй бизнесийг хэдэн жил цэцэглүүлээд, тэрбум тэрбум төгрөгийг салхинд хийсгээд өнгөрөх вий. 
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна