Н.Алтанцэцэг: Хар багаасаа хар бор ажил хийж байсан болохоор бие хаа эрүүл тэргээ түрээд л гүйж байна даа

Т.Отгонсувд
1 цаг 4 минутын өмнө

Хот дөнгөж сэрж байхад Хархорин захын гудмаар шинэхэн банштай цайны үнэр хамар цоргиж эхэлнэ. Энэ үнэрийг дагаж олон хүн Н.Алтанцэцэг гуайн тэрэг рүү ирдэг. Захын наймаачид, ойр орчмын ажилчид, байнгын үйлчлүүлэгчид түүнийг “Алтаа эгч” гэж андахгүй.

Тэрээр 30 гаруй жилийн турш Хархорин зах дээр хоол хийж зарж байгаа хөдөлмөрч эмэгтэй. Өдгөө 70 насыг зооглож буй ч өглөө бүр эртлэн босож, өөрийн гараар хоолоо бэлтгэн худалдаалсаар байна. Амьдралынхаа ихэнх хугацааг гал тогооны халуун уур, захын хөл хөдөлгөөн дунд өнгөрөөсөн түүнтэй ярилцлаа.

“Сайн байна уу. Намайг Н.Алтанцэцэг гэдэг. Би 70 настай. Хархорин зах дээр банштай цай, цуйван гээд төрөл төрлийн л хоол зарж байна. Ардчилал эхлээд л 30 гаруй жил хоолны бизнес эрхлээд явж байна.

Өглөө таван цагт босоод л гэртээ хоолоо хийгээд гарч ирдэг. Байнгын худалдан авагчтай болохоор өдөр 12:00 цаг гэхэд зарагдаад дуусчихдаг.

Мах, ногооны үнэ нэмэгдээд хоолны үнэ нэг хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мах 30 мянган төгрөг гараад явчихааар бас хүндрэлтэй л байна. Аль болох л шинэ мах, ногоогоор хоолоо хийхийг зоридог ч үнийг нь дийлэхэд бэрх л болж байна.

Одооны залуучууд их залхуу, архи их уудаг болсон харагдаж байна. Архи дарсаа больж, залуу насандаа л хөдөлмөрлөх хэрэгтэй шүү. Би залуудаа эморох, шантрах ч завгүй л ажилладаг байлаа. Одоо ч зүгээр сууж чадахгүй л ингээд явж байна.

Ингээд хоолоо хийгээд зараад явж байхдаа л жаргалтай байдаг хүн дээ. Хархорин, Барс захынхан намайг андахгүй. Зарим өдөр ажилтай байгаад ирэхгүй байхаар асууж сураглаад сүйд болдог.

Хар багаасаа хар бор ажил хийж байсан болохоор бие хаа эрүүл, өвчин зовлон ярихгүй тэргээ түрээд л гүйж байна даа. Энэ бизнес маань оцойж овойтол олохгүй ч наддаа бол болоод л байдаг юм.”

Н.Алтанцэцэг гуайн ярианаас хөдөлмөр хүнийг тэжээж, амьдралын утга учрыг өгдөг гэдэг энгийн хэрнээ үнэн зүйл мэдрэгдэнэ. Өдөр бүр нэг хэвийн мэт санагдах энэ ажил түүний хувьд амьдралынх нь баяр баясал, олон жилийн хөдөлмөрийнх нь бахархал ажээ. Хархорин захын өглөө бүрийг түүний гарын хоол, цайны уур, ажилсаг дүр төрх чимсээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна