Үрчлэл, "Алдарт эх"-ийн одон олголт, урамшуулал хэт нэмэгдэх сөрөг үр дагавраас сэргийлж, Ажлын хэсгийн саналыг хүчингүй болголоо

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.05.19/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачилсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

 Хууль санаачлагчдаас “1 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс "бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг тус тус хассугай.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн хоёрхон зүйлтэй хуулийн төсөл орж ирсэн. 

 Улмаар УИХ дээр хэлэлцэгдэх үед Ажлын хэсэг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн 3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэсэн заалтаас “Гурав хүртэл насанд үрчлэн авсан хүүхэд” гэсний “Гурав хүртэлх насанд үрчлэн авсан” гэдгийг хасаж, насны хязгааргүй болгож оруулж ирсэн. Ингэснээр, бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд тэр хүүхдүүд дотор нь хэдэн ч настайд нь үрчлэн авсан хүүхэд байсан “Алдарт эх”-ийн одон, урамшуулал хүртэх боломжтой болсон юм. 

Тэгвэл Ажлын хэсгийн гаргасан энэ саналыг А.Ариунзаяа гишүүн зарчимын зөрүүтэй санал гаргаж, тодорхой баримт тайлбарыг гаргаж тавьснаар Ажлын хэсгийн саналыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, хуулийн үрчилж авсан хүүхэдтэй холбоотой заалт “Гурав хүртэлх насанд” гэдэг хэвээрээ үлдэхээр болж байна. А.Ариунзаяа гишүүн зарчимын зөрүүтэй санал гаргахдаа "Үнэхээр хүүхдийн төлөө, сайхан сэтгэлээр гурваас дээш насанд нь хүүхэд үрчилж өсгөж байгаа ээжүүд байгаа ч сөрөг үр дагавар бас байгаа учир хэсэгтээ эхний оруулсан өөрчлөлтөө ажиглаж, гарах үр дүн дээр нь дараагийн ээлжид насны хязгаарыг үгүй болгох асуудлыг авч үзэх боломжтой" гэдгийг учирлан хэлсэн юм.

.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна