"Рио Тинто" монголчуудад ямар саналтай ирсэн бол...

Zuv.mn
51 минутын өмнө

Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийж буй "Рио Тинто" группын төлөөлөгчид өнөөдөр Монголд ирнэ. 

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс өмнө нь Монголд ирж, зээлийн хүү, менежментийн төлбөр бууруулах тал дээр тодорхой саналууд тавьсан гэх ч саналыг нь Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хүлээж авалгүй буцаасан. 

Буцаахдаа тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар “Эзэн нь юмуу мэдэж, эрэг нь усаа хашдаг”, “Шударга ёсыг шаардаж байна. Хэрвээ Засгийн газартай ойлголцож чадахгүй, асуудал УИХ руу орвол тэндээс ямар шийдвэр гарахыг бид хэлж мэдэхгүй. Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ үед жинхэнэ эрсдэл үүсэх вий гэж санаа зовж байна” хэмээн хатуу үг хэлсэн байдаг. Улмаар зээлийн хүү, менежментийн төлбөр гэсэн хоёр гол асуудал дээр нэмээд төслийн нийт өгөөжийн 60 хувь нь Монголын талд ногдож байх зарчим руу шилжихийг шаардсан бөгөөд энэ шаардлага нь нэмэгдэж, "Зэсийн үнэ өндөр байх үед форвард хэлцэл хийж ногдол ашиг өг" гэсэн шаардлагыг нэмж тавиад буй. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням энэ асуудлаар  "Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг, Ерөнхий сайд "Рио Тинто" группын удирдлагуудтай уулзлаа. Улмаар "Рио Тинто" -д "Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруул, үнэ өндөр байгаа энэ үед форвард хэлцэл хийж, Монголын ард түмэнд ногдол ашиг өг, өгөөжийн 60 хувь нь Монголд ногдох ёстой" гэсэн хатуу шаардлага тавьсан. Энэ шалтгаанаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ шинэчиллээ" гэсэн тодруулгыг хэвлэлд өгсөн байдаг. 

Манай талын "Рио Тинто"-д тавьсан шаардлагыг нэгтгээд харвал, 

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг хоёр дахин бууруулах,

3. Менежментийн төлбөрийг зардлаас тооцдогийг болиулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх. 

Өмнөх уулзалт дээр Монголын Засгийн газар шаардлагаа маш хатуу тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шахсан. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто" өнөөдөр эцсийн саналаа бэлдэж ирсэн байх ёстой. 

Тиймээс өнөөдөр эхлэх хэлэлцээр ач холбогдлын хувьд 2009 оны үндсэн, 2015 оны далд уурхайн гэрээнээс ач холбогдлын хувьд дутахааргүй чухал болно. 

Хэлэлцүүлэг, мэтгэлцээний хувьд гурван асуудал дээр нэлээд ширүүн ярилцах болов уу гэсэн таамаг байна. Эдгээр нь, Засгийн газар 2009 оны үндсэн ХОГ-нд заасан гэрээнд заасан /53+ өгөөж, өр төлсний дараа ногдол ашиг хүртэх заалтыг давсан “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх",  "Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах", “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх /2009 оны ХОГ-нд Онтрэгийн лицензит талбай нь гэрээний нэг хэсэг, Рио Тинтод шилжүүлж өгөхөөр заасан гэдэг/ шаардлагууд юм.  

Онтрэгийн лицензийн тухайд, Оюутолгойн сонсголын үеэр “Оюутолгой” ХХК-ийн захирал С.Мөнхсүх “Хамгийн гол асуудал нь энэ. Бид “Онтрэ” ХХК-ийг одоогоор лиценз эзэмшигч гэж хүлээн зөвшөөрч байгаа учир нөхөн төлбөр өгнө. Хувь хэмжээ ямар байх вэ гэдэг нь гол асуудал болоод байна” гэж хэлж байсан юм.

Тэгэхээр, одоогийн байдлаар 80/20-иор тохиролцоод буй “Онтрэ” ХХК, “Рио Тинто”-гийн хэлэлцээр нь Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах асуудалд чухал нөлөөтэй гэдэг нь үнэн. Манайх “Онтрэ” ХХК дээр тусдаа гэрээ байгуулах тул 80/20-ийг 70/30 ч юм уу болгож өөрчлөх тусам манайд ашигтай.

Манай Засгийн газар бол /Ерөнхий сайд Г.Занданшатар/ өмнөх  шаардлагаараа “Болохгүй бол “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг цуцална шүү. Тэгээд та нар “Онтрэ”-тэй биш, Засгийн газартай хэлэлцээр хийхэд хүрнэ. Энэ тохиолдолд хууль нь ийм байдаг шүү” гэсэн ойлголтыг хангалттай төрүүлсэн. 

Аливаа хэлэлцээр харилцан буулт хийж байж шийдэлд хүрдэг нь хэнд ч тодорхой тул манай тал шаардлага тавихдаа ч, өрсөлдөгч тал эхний саналаа тавихдаа ч үүнийг тооцоолсон нь тодорхой. Тиймээс “Рио Тинто”-гийн дараагийн санал ямар байх нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.69
    28 минутын өмнө

    Chuluug chuluu bish us diildeg gedeg Yamar uchirtai Ug yum bolooMahnii une shig avir gargaval ES heleltseer oroltsoh hereg baina uu?

    Хариулах