Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ

2017/01/12
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг ТЕГ-ын харьанд очоод байгаа Цэргийн тагнуулын газрын даргаар томилсон гэнэ. АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд тэрбээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан юм. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед “Хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэх тайлбарыг хэлж байсан юм.

Генерал Н.Ганболдтой хамт АТГ-ын дэд даргын албыг хашиж байсан Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж буй. Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тагнуулын байгууллага цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болсон.

Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон.
Өөрөөр хэлбэл түүний удирдлагад ажиллаж байсан Б.Хурц Н.Ганболдыг Цэргийн тагнуулыг хариуцуулан томилсон гэсэн үг юм.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна