Л.Энх-Амгалан: Зээлийн хүүгийн дарамтаас гарч чадвал цалин тэтгэвэр нэмэгдэнэ

Өчигдөр 15 цаг 47 минут
НББСШУ-ны байнгын хороо МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлж ажиллажээ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар өнөөдөр /2017.02.17/ Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлыхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тус байнгын хороо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэн батлуулсан байна. Тухайлбал Ахмад настны тухай хуулийг шинэчилсэн найруулж батлахдаа ахмад настнуудын өмнө тулгамддаг асуудлууд, тухайлбал, ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгаж чадсан байна.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсныг энэ үеэр онцолж байлаа.

Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон нийгмийн шинжтэй асуудал байсан гэсэн юм. Энэ хүрээнд 2017 онд зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгаж, бусад 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны 111-р тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болгож, Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, 6 арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгох юм байна. Статистик тоон мэдээллээр бакалаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцаж, урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой болсон байна. Мөн 2017 онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа аж.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан «Элэг бүтэн Монгол» хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, элэгний «С» вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах шийдвэр гаргасаныг Байнгын хорооны дарга онцолсон. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны улсын төсвийн тодотголд 23,4 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт элэгний ѳвчин эмгэгийн оношлогоонд 5 тэрбум төгрөг, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 20 тэрбум төгрөг, эрт илрүүлэлтийн үзлэгт 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.

Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил сарыг нэмэхээр хуульд тусгасан зэрэг нийгмийн чанартай олон хууль, шийдвэрүүдийг баталснаар намрын чуулганыг өндөрүүлжээ.
 
Л.Энх-Амгалан: Төсвийн зардлын дийлэнхийг цалин тэтгэвэр, зээлийн хүүгийн төлбөр эзэлж байна 

Мэдээлэл хийсний дараа НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Намрын чуулганаар халамжийн хуулиуд олноор батлагдлаа гэдэг шүүмжлэл бас байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах санхүүгийн эх үүсвэр төсөвт дарамт учруулах уу?

-2016-2020 онд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан нийгмийн шинж чанартай томоохон хуулиуд батлагдлаа. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох УИХ-ын шийдвэрээр 2017 оны төсөвт эх үүсвэрийг нь тусгаж батлууллаа. Боловсролын зээлийн санг хэрэгжүүлэх хуулиуд батлагдаж эх үүсвэр 103 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Насны хишиг олгоход 20 тэрбум төгрөг батлагдсан гээд дурдаж болно. Дан ганц халамж гэхгүйгээр нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Цаашдаа хавтгайрсан халамжаас татгалзаж Ахмадын тухай хууль Эрүүл мэндийн тухай хуульд ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа нийгмийн хамгааллын асуудлуудыг давхар шийдвэрлэсэн гэж бодож байгаа. Мэдээж төсөв, эдийн засаг хүнд байгаа. Гэлээ гэхдээ бид намын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийн хүсэн хүлээж байгаа шийдвэрүүдийг гаргаж, ажил хэрэг болгох зорилт тавьсан. Тиймээс намрын чуулганаар гол гол хуулиудаа баталж, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтын эх үүсвэрээ шийдүүллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол Улстай хамтарч ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагууд өнгөрсөн 4 жилд дүгнэлт хийхдээ эдийн засгийн хямрал нийгмийн эмзэг бүлгийг хүнд байдалд оруулж байна, ажилгүйдлын түвшин сүүлийн 7 жил хамгийн дээд цэгтээ буюу 37 хувьд хүрсэн гэж үзэж байгаа. Ийм үед нийгмийн зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Манай байнгын хороо зорилтот, нийгмийн эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн арга хэмжээг орхидуулахгүй байх ёстой гэсэн байр сууринаас хандсан. Төсвийн бололцоо байгаа учир тодорхой хуулиудад өөрчлөлт оруулсан. Ингэж арга хэмжээ авахгүй бол худалдан авалт буурч, эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иргэдийн амжиргааг дээшлүүлэх чиглэлд байнгын хороо, Засгийн газар хамтран тодорхой арга хэмжээг цаашдаа ч авах болно.

-Ирэх хаврын чуулганаар ямар ямар чухал хууль хэлэлцэгдэхээр байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд мөнгөн тэтгэмж олгох тухай, Биеийн тамир спортын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гэх зэрэг нийгэмд хүлээгдэж буй чухал хуулиуд хэлэлцэгдэнэ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга: УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн. Монгол Улс бол залуучуудын орон. Гэтэл алуусдаа чиглэсэн нэгдсэн бодлого дутмаг байна. Хуулийн төслийг хэлэлцэн батлахад анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Биеийн тамир, спортын тухай хуулийг УИХ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа . Хуулийн төслийн талаар иргэд саналаа ирүүлэх боломж нээлттэй байгаа. Мөн өвдөхөөс сэргийлэн биеийн тамираар хичээллэх асуудал чухал байна. Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнесс төвөөр үйлчлүүлэх боломжийг энэ хуулиар бий болгох юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжүүлэхэд төсөвтэй холбоотой ямар асуудал тулгарч байна вэ?

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хуулийг хэлэлцэх явцад асуудал хүндэрсэн дүүргүүдэд ажиллаж нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, сум, баг, хороон засаг дарга нарын ажлын уялдаа холбоо, тэдний үйл ажиллагаа явуулахад зарцуулагдах санхүүгийн эх үүсвэрийг хуульд тусгаж өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Хуулийг батлахдаа ч энэ асуудлыг тусгасан. Гэхдээ санхүүжилт тал дээр нь Хууль зүй дотоод хэргийн яам, Боловсролын яам, аймаг дүүргийн засаг даргын тамгын газрын төсөвт тодорхой хэмжээгээр суулгасан. Хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа учраас уялдаа холбоог нь сайжруулах зэрэг асуудал нэлээд гарч байна. Сая Чингэлтэй дүүрэгт ажиллахад хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 ноцтой хэрэг гарсан байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад хүчирхийлэгч нь гэр бүлээ тэжээдэг байсан учир хохирогч нь “гомдолгүй, гаргаж өгөөч” гэсэн байх жишээтэй. Хуулиа сайн ойлгуулахгүй бол эргээд хүндрэд үүсгээд эхэллээ гэж ярьж байсан. Дээрээс нь санхүүжилтыг нь сум, баг, хороонд шилжүүлэх асуудлаар холбогдох хүмүүстэй ярилцаж байна. Хууль маш чанга болсон.

-МАН цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнөөдөр ядаж 20 мянган төгрөгөөр ч болтугай нэмэх хэрэгтэй байна л даа. Ийм боломж харагдаж байна уу?

-Цалин тэтгэвэр хэзээ нэмэгдэх нь улсын эдийн засаг, төсвөөс ихээхэн шалтгаална. Манай эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай байна. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ өсөх төлөвтэй байна. Бид өөдрөгөөр харж эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэх зорилт тавьж байна. Ингэж чадвал ажилгүйдлын түвшин багасна. Төсвөөс гарч байгаа томоохон зардал нь цалин тэтгэвэр, Үндсэндээ 1.3 их наяд. Дараагийнх нь зээлийн хүүгийн зардал маш их өндөр болсон. Бид өнөөдөр авсан зээлийнхээ зөвхөн хүүнд нь 1.4 их наяд төгрөгийг төлж эхэлж байна.Төсөвт ирж байгаа том дарамтаасаа салж чадвал цаашдаа цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх болож олдоно гэж бодож байгаа. Засгийн газар 2016, 2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах үе, 2018, 2019 оныг эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүп байна гэж үзэж байгаа. Үүнтэй уялдуулж цалин тэтгэвэр нэмэгдэх боломж гарна. Сая хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулж цалин тэтгэвэр нэмэгдүүлэх боломж нэмэгдэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс олгодог 140 мянган төгрөг, тэдний асран хамгаалагч нарт олгодог 60 мянган төгрөгийг нэмэгдүүлэх  боломж бий юу? 

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн бий. Энэ бол 3 сая хүн амтай улсад том тоо. Манай байнгын хороо байгуулагдаад анхны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Эндээс байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж УИХ-аар тогтоол гаргах гэж байна. Мөн Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан үндэсний зөвлөл байгуулна. Тэгэхээр энэ асуудал төрийн бодлогын анхааралд орсон гэж ойлгож болно.
С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна