Тамгыг боолоор дардаггүй

2017/02/21
УИХ-ын 2016 оны сон­гууль элдэв сонин хачин, дуулиан шуу­гиан ихтэй болж өнгөрсөн. Сонгуулийн өмнө зарим улс төрийн хүчний нэр дэвшүүлэх эрхэд ямар ч хамаагүй аргаар хаалт хийж, хоёрхон нам 76 тойрогт чөлөөтэй сонголтоор нэр дэвшүүлсэн. Үр дүн нь ямар болсныг нийтээрээ харж байна. Тухайн үед олны нүдэн дээр нэр дэвших эрхээ “хураалгасан” хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Ердөө л ЦЕГ-аас “...Энэ хүний ялтай хугацаа дуусаагүй байна” гэсэн тодорхойлолтыг СЕХ-нд явуулаад бүх зүйл шийдэгдсэн. Тэрээр сонгуульд нэр дэвшиж чадаагүй.

Одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Энэ сонгуульд хүч үзвэл Н.Энхбаяр сонгогдох өндөр магадлалтайг сүүлийн үед хийсэн янз бүрийн судалгааны дүн харуулж байгаа юм. Энэ нь эрх баригчид хийгээд өрсөлдөгчдийг айлгаж буй бололтой юм. Үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь зөвхөн өөрийнх нь шийдэх асуудал юм. Сонгох, сонгогдох эрх бол Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүрт олгогдсон байдаг. Харин Н.Энхбаярын сонгогдох эрхийн төлөө “санаа тавих” шалтгаан зарим улстөрч, улс төрийн хүчинд байгаа нь нууц биш боллоо. Зарим хэвлэлээр “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй”, “Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй байгаа болохоор энэ сонгуульд ч мөн оролцохгүй” гэсэн утга санаа бүхий мэдээллүүдийг цацаж байна.

Гэтэл УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ, ЦЕГ болон ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг. Тэр хурлаас шүүгчид “...“Н.Энх­баярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэсэн Цагдаагийн байгууллагын бичиг хууль зөрчжээ гэдгийг Дээд шүүх тогтоожээ. Тэгээд ч Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс ингэж хассаныг Монголын нэртэй хуульчид, албан тушаалтнууд ч тайлбарласан байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав “Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүй” гэдгийг та юу гэж үзэж байна” гэсэн асуултад “2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хууль гарсан шүү дээ.

Өршөөлийн энэ хуулиар ялтай байдлын хугацаа дуусаагүй бол үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заачихсан байгаа” гэсэн хариулт өгч байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан албан ёсны дүгнэлтэд “...Н.Энхбаярт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт ял оноосон байна. Уг шийтгэх тогтоолын 4-т “Шүүгдэгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож “төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилээр хорих ялаар” шийтгэж, 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг … өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох” гэсэн ойлголт хамааралгүй болох нь тогтоогдож байна. Иймээс Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2. дахь хэсэгт заасан хэргийн хувьд ялгүй болсон байна. Уг нь 2009 оны долдугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг шүүхээр шийдвэрлэлгүй мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох байсан гэж үзэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Хүн бүр улсаа удирдахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, “Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн b-д “… жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхийг эдэлнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-т “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж тус тус заасан байх тул МАХН- ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ энэхүү дүгнэлтийг харгалзан үзнэ үү” гэжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “...Н.Энхбаярын ялыг намрын өршөөлийн хуулиар өршөөсөн” хэмээн тайлбарласан байдаг. Түүнчлэн одоогийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “...Төрийн ямар нэг хууль нь нэг хүнд зориулагдсан, тухайлсан нэг хүнээс өшөө авахад чиглэсэн байж болохгүй” гэж ярьсан нь бас л санаандгүй зүйл биш юм. Ер нь бол Н.Энхбаярын сонгогдох эрхтэй зууралдсан, түүнийг нь хаах гэж үйл ажиллагааг энэ мэтээр тайлбарлах хуульчид захаас аваад байх ажээ.

Гэвч хамгийн гол нь УДШ-ээс тэрхүү СЕХ-ны үндэслэл болгосон ЦЕГ-ын бичгийг хүчингүй болгосон байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж айсан улстөрчид дахин тэрүүнийг ашиглаж магадгүйг хэвлэлээр дамжуулан олон нийтэд өгч буй мэдээллээс харж болно. Уг нь энэ бүхэн их энгийн, их ойлгомжтой байгаа юм. Учир нь тамгыг боолоор дардаггүйтэй адил Дээд шүүхийн шийдвэрээс давсан Цагдаагийн байгууллагын тодорхойлолт байх учиргүй билээ.
 
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна