Бид тогтолцоогоо нураагаад эхэллээ

2017/03/13
Баянголын гэх Эрдэнэ намайг шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрийг гутаасан учир тэрийгээ сэргээлүүлж надаар уучлал гуйлгуулах гэнэ. Баянгол дүүргийн шүүхэд дуудсан ёсоор очиж шүүхийн туслагчтай нь уулзлаа. “Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм” гэж зөвөлсөн. Харин шүүх удалгүй миний биеийг Эрдэнийн нэр төрийг гутаан гүтгэсэн гэж дүгнээд уучлал гуйх шийдвэр гаргав. Энэ бол гомдол гаргагчийг өө сэвгүй, ариун цагаан нэгэн гэж шүүх албан ёсоор баталж буй хэрэг.
    
Магадгүй гомдол гаргагч шүүгчийг хахуульдсан байж болно, магадгүй шүүгч алт мөнгө хараад биеэ барьж чадаагүй байж болно, магадгүй шүүгч хар зөнгөөрөө намайг үзэн яддаг байж болно, гэвч энэ бол шүүх инстүүцийн шийдвэр юм. Шүүгч хичнээн сүбъектив шийдвэр гаргасан ч бай, түүгээр төлөөлөгдсөн шүүх инстүүцийн шийдвэр мөн. Буруутгагдсан этгээд шүүхийн шийдвэрт гомдож болно, эсэргүүцэж давж заалдаж болно, дургүйцлаа нийтэд илэрхийлж болно, гэвч иргэн бүр шүүхийг хүндэтгэж шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр надад таалагдаагүй ч  шүүхийг хүндэтгэх үүднээс би хэвлэлээр уучлал гуйсан. Чухам үүнд л ардчилсан тогтолцооны мөн чанарын гол тулгуурын нэг оршино. Хуулийн дор нийгэм оршихуй.
   
Бид төрийн гурван өндөрлөг гээд хамгаалалттай машинаар зорчдог гурван бие хүнийг нэрэлдэг. Үнэндээ биенээсээ үл хамаарсан гурван инстүүц бол төрийн гурван өндөрлөг юм. Энэ нь Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван тусдаа инстүүц. Монтэскю анхлан ийм санаа гаргаж удалгүй АНУ, Францад хэрэгжүүлж эхэлсэн энэ зарчим өдгөө жинхэнээр ч бай, ёс төдий ч бай дэлхийн нийт хүн төрлөхтөнд үйлчилж байна. Магадгүй үүнээс дээр, илүү шудрага зарчмыг ирээдүйд нээн илрүүлж хэрэгжүүлж болох л доо. Одоохондоо өөр зарчим нээгдээгүй байна.
    
Баянзүрх дүүргийн сонгууль хэсэг бүлэг хүмүүсийн үзэж буйгаар будилаантай болжээ. Тэд шүүхэд хандав. Шүүх асуудлыг түдгэлзүүлсэн байна. Гэвч эрх барьж буй хэсэг нь шүүхийн шийдвэрийг үл тоож тус дүүргийн даргыг томилж орхижээ. Мэдээж заргалдагч тал үүнийг зөвшөөрсөнгүй. Тэгэнгүүт эрх баригч тал дүүргийн захиргаа руу цагдаа оруулан хүч хэрэглэсэн аж. Энд юу харагдаж байна? Нэгдүгээрт сонгуулийн маргаан бол цэвэр улс төрийн асуудал. Чухам чөлөөт сонгуулиар л хэнд эрх мэдэл очихыг шийдэх зарчим бол Монгол улсын нийгмийн тогтолцооны тулгуур зарчим. Гэтэл улс төрийн маргааныг бяр хүчээр зохицуулахаар оролдох, түүндээ нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдааг дайчилж буй нь хуулийг огоорч буй хэрэг. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх төдийгүй, мэдсээр байж үл тоомсорлож буй нь бид нийгмийн тогтолцоогоо нурааж эхэлж буйн тод жишээ юм.
    
Бас нэг жишээ. 120 мянган гишүүнтэй “Морин спорт уяачдын холбоо” хэмээх магадгүй Монголдоо хамгийн хүчирхэг олон нийтийн байгууллага бий. Олон түмний шаардлага гомдлын дагуу шүүхээс хүүхэд унасан морин уралдааныг өвлийн тодорхой хугацаанд явуулахгүй байх шийдвэр гаргажээ. Харин эрх барьж буй хэсгийн ахлагчийг хууль тогтоох инстүүцийн ерөнхий зохицуулагчтай хавсран ажилладаг, тус хүчирхэг Олон нийтийн байгууллагын толгойлогч Шүүхийн шийдвэрийг зүгээр л нулимж орхив. Хууль зүйн дэд сайд (Атаманы ивээлийн хүн болов уу даа) үүнийг тайлбарлахдаа “Засгийн газрын шийдвэрийг шүүх хүчингүй болгох эрхгүй” гэсэн суут нээлтээ олон түмэнд толилуулав. Хэдэн хүүхэд урадааны явцад үхэх зэрэг бага сага явдал нь энэ том баяртай харьцуулахад яльгүй асуудал байж болох л доо. Хэдэн мянган жил өвлөгдөж ирсэн аугаа их уламжлал заншлыг тасалдуулбал бараг л монгол хүн болж төрсний утга үгүй болно гэж үзэж байж болох л юм. Үүнтэй маргаагүй. Гагцхүү шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж басамжлан үл тоож буй нь манай нийгмийн тогтолцоог нурааж буй хэрэг болой. 
    
Эрдэнэтийг хэсэг луйварчид хулгайлчихжээ. Муухай явдал болж муурын байшин шатав. Хэсэг идэвхитэн үүнийг илрүүлж шалгаж шүүгээд луйвар гэдгийг нь тогтоожээ. Ингээд үүнийг Хууль тогтоох инстүүц авч хэлэлцээд хөрөнгийг хураан нийгэмчлэх шийдвэр гаргаж орхив. Үүнээс хойш Эрдэнэт элдэв шахаа байхгүйгээр маш сайн ажиллах болно гэсэн хууль тогтоогчдын үгэнд би итгэж байна. Оросоос Эрдэнэтийг хулгайлж авчирсан тэдгээр бүлэг этгээд бол цаазаар авахад ч багадам нүглийн тулам гэдгийг ч зөвшөөрч байна. Харин хууль тогтоох инстүүцэд бусдын хөрөнгийг хурааж авах эрх бий юу? Үндсэн хуулиар хувийн, нийтийн, төрийн, улсын бүх өмч тэгш эрхтэй гэж заасны дагуу аль нэг айл (төрийг болон хууль тогтоох  инстүүцийг хараан зүхдэг, луйварчин дээрэмчнээр нь байнга дууддаг тийм хүмүүс болон олонлогийн нийлбэр болсон айл өрх, компани зөндөөө бий шүү дээ) ах дүүгээрээ хэлэлцэж байгаад хууль тогтоогчдын эзэмшилд байгаа төрийн ордныг хураан авч болох уу? Луйварчдаас өмчийг нь хурааж байгаагаа тэд банкны олон хууль зөрчсөнөөр тайлбарлаж буй. Уул нь банкны хууль зөрчсөн гэмт явдлыг шүүхэд нэхэмжлэл гарган тогтоох ёстой. Хоёрт гэвэл нэгэнт эзэмшилд нь орсон Эрдэнэтийн талыг авсан эзэд нь луйварчин, дээрэмчин, хулгайч, бузрын шаар, хүний нийгэмд орших эрхгүй амитад гэдгийг нь шүүхээр тогтоолгоод шүүх шийдвэр гарган өмчийг нь хурааж авах ёстой. 

Тэд бол үнэхээр бузрын луйварчид мөн, энэ бол баталгаатай, хөрөнгийг нь байтугай амийг нь хураах ёстой. Шудрага ёс гэж байдгийм бол! Энэ бол миний бодол. Харамсалтай нь гурван саяын ганцхан нь болсон болсон миний л үнэлгээ шүү. Туйлын гоц идэвхитэн нэгний өгүүлж буйгаар “тэр луйварчид тэгээд чаддаг юм бол цэц болоод шүүхэд хөлөө хүрэх газраар явж заргалдана биз” гэх юм. Үнэндээ луйварчдаа биш шүүхийг басч буй хэрэг. Хууль тогтоох инстүүцээс нэгэнт “луйварчин” гээд тодорхойлчихсон хүмүүсийг өмөөрөөд байх шалтаг надад байхгүй л дээ. Болохгүй муу муухай, хүн жигшмээр юм хийчихсэн юм бол чихдэж гаргаж ирээд шоронд хийж шонд дүүжлэх нь зөв байхаа. Гэхдээ үүнийг шүүх тогтоож, шүүх эцсийн шийдвэр гаргамаар. Өмнөөс нь шал өөр инстүүц өөртөө хамаагүй шийдвэр гаргаж гүйцэтгэж байна гэдэг маань л бид тогтолцоогоо нураагаад уналаа гэсэн үг.
   
Хуруу гаргах ардын тоглоом ч эхэлж тохиролцсон өөрийн дүрэмтэй. Чигчий нь эрхийгээ, эрхий нь долоовроо ялна гэх мэт. Тоглоом дундуур гэнэт нэг нь эрхий нь том учраас чигчийгээ ялах нигуртай гээд дайраад байдаггүй шүү дээ. Ямар ч нийгэм арлчилсан ч бай дарангуйлагч ч бай өөрийн тогтсон дүрэмтэй. Хийтэй зарим нэг нь хожигдоод ирэхээрээ шатрын хөлгийг цацаж нураагаад нөгөөдөхөө зодох гэж дайрдаг. 

За яахав гучаад жилийн өмнө тогтсон нийгмийн байгууламж, Үндсэн хуулиар батлагдсан манай нийгмийг зохицуулж байгаа дүрэм журам муу муухай байг. “Ардчилал муухай, 30 жилийн өмнө ардчилал руу орсон нь буруудсан” гэж ярих нь их л моод болсон төдийгүй ингэж ярингаа уртаар шүүрс алдах нь тухайн хүний их л ухаалаг мэргэн сэцнийг харуулах илтгэцүүр болжээ. Би л лав зөвшөөрч байна. Гэхдээ үнэхээр тийм юм бол бид хаачих вэ? Нийгмийн ямар тогтолцоо руу орсон нь мэргэн сэцэн сонголт болох вэ? Хуульгүй, шүүхгүй эмх замбараагүй нийгэм рүү оръё гээгүй байлгүй. 

Ингэхээр л барих барьцгүй, нарийвчлан тогтоох шинжүүргүй ч чихэнд сайхан сонсогдох “ард түмэн” гэх нэгэн сүбъектийг бариад авдаг. Ард түмэн уламжлал болоод морин уралдаандаа дуртай, ард түмэн Эрдэнэтийн луйварчдыг жигшин зэвүүцэж байна гэх мэт. Тэр үнэн байхаа, маргах юм алга. Уг нь ард түмэн цөмөөрөө нийлж байгаад хууль тогтоодог, нийлж байгаад баялагаа яаж хуваахаа шийдчихдэг, нийлж байгааг хэн нэгний бурууг тогтоочихдог, нийлж байгаад буруутнийг тамлан устгадаг бол зүгээр л дээ. Маргаангүй. Гэхдээ хоёр зовлон байна. Нэгд, гурван сая хүнийг багтаах заал хаанаас олох вэ? Хоёрт “ард түмэн” гэдгийг яг ямар хэмжүүрээр тогтоох вэ? Яг хэдэн хүн болонгуут нь “за энэ бол ард түмэн” гэж зөвшөөрөх вэ? Ард түмэн гэдгийг сонгуулиар л тогтоож болдог, тэд өөрийн үзэмжээр өөрийг нь төлөөлөх эрх баригчийг тодорхой хугацаагаар сонгон мэдэл олгодог, гэхдээ тэр эрх мэдэл нь Үндсэн хууль гэсэн тоглоомын дүрмээр хязгаарлагддаг гэж энд тэндгүй үздэг юм билээ шүү дээ. За яахав энэ үндсэн тогтолцоо адгийн муухай юм байг, тэгээд өөр ямар тоглоомын дүрэм хэрэгтэй гэж?

Манай нийгэм ямархуу зохицуулалтаар амьдрахыг хуульчилсан тоглоомын ерөнхий дүрэм болох Үндсэн хууль мөрдөгдөөд олон жил боллоо. Энэ дүрэм ерөөсөө эхнээсээ тохироогүй, эсвэл тохирч байсан хугацаа нь өнгөрсөн, эсвэл ерөөсөө тоглоомын дүрэм хэрэггүй гэсэн дуу хоолой чангатай шаардлага их сонстох. Бүгдээрээ зөв. Гэхдээ бид өнгөрсөн гуч шахам жилд тоглоомын үндсэн дүрмээ аль зэрэг сахив? Үүний дотор шүүх засаглал? Буруу шийдвэр гаргадаг гэдэг талаас нь биш, чадамжгүйг нь хэлж байна. Хэн дуртай дурак нь шатрын хөлгөө цацан хаяад агсам тавиад, эсвэл дүрэм журам ярихаар нүүр рүү нулимаад байвал ямар ч гоё нэртэй тогтолцоо (тэрбайтугай “мэргэжлийн” гэх хочтой ч бай) түй чоорт л биз дээ?

Дарангуйлал, Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүн бүхнийг мэдэх захиргаа замбараатай нийгэм тохирно гэж олон мэргэн хүн үзмэрддэг. Үнэн үзмэрдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Хэдэн мянганы турш эзгүй хээр талдаа морин дэл дээр дураар өссөн сахилга батгүй монголчууд ийм нийгмийг зөвшөөрөх болов уу даа. Чойбалсангийн, Цэдэнбалын засаглал эмх замбараатай байлгаж чадсаан. Одоо тэр чадуулж байсан Зөвлөлт засаг, нутагт нь ирээд байралчихсан 100 мянган улаан цэрэг байхгүй болсон. Ордон дотор биен рүүгээ гаргаад байгаа салаавчийг чинь өнөөдөр цэцэрлэгийн хүүхэд, траншейний архичнаас авахуулаад Морин спорт, уяачдын холбоо, хувийн өмчийг үзэн яддаг дифтаат хүртэл бүгд хээв нэг гайхуулан гаргаж чадна. Тийм ч эрхтэй. Эрхийг нь хаах гэвэл цус л их гарах байх даа. 

Монголд дарангуйлал буй болох гэж байна гэдэг дэмий үг санагддаг. Ард нь хүчирхэг гүрний үзэл суртал, цэргийн хүч байхгүй тохиолдолд энэхүү дураараа “ард тзмэн” ямар ч дарангуйллын тоглоомын дүрмийг зөвшөөрөхгүй салаавч гаргана. Тоглоомын дүрмийг үл хэрэгсэн шүүх инстүүц рүү салаавч гаргаж нүүр рүү нь нулимж буй энэ “ард түмэн” хэрэв огт тоглоомын дүрэмгүй бол хэн дуртай нь юу дуртайгаа хийнэ. Хаос! Анархи! Эмх замбараагүй бужигнаан! Одоо ч тийм болчихоод л байна, гэхдээ цаана нь тоглоомын дүрэм гэх юутай ч нэг зарчим хүчинтэйгээр үйлчилмэр аядаж байгаа шүү дээ. Энэ муухай тогтолцооог нураах гэж хүч тавьж буй Морин спорт уяачдын холбооны зөв байх л даа. Гэхдээ оронд нь ямар тогтолцоог санал болгож байна? Тэрийгээ нууж барилгүй ил хэлчихвэл дэмжихэд бэлэн шүү, түр сонгогдсон түр зуурын үзэгдлүүд ээ!

2017.3.12


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна