УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАХН Үндсэн хуулийг өөрчилж болох санал гэж тодорхойлсон

2017/03/16
 
УИХ-ын гишүүн  О.Баасанхүүгийн санаачлагаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг  өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ч.Авдай, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, дипломатч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ч.Баатар, НИТХ-ын дарга асан, НИТХ-ын Зөвлөх зөвлөлийн дарга Ц.Баасанжав нар болон МАХН-ын гишүүд, дэмжигчид оролцож, өөрсдийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлэг бүхэлдээ Монгол Улсын гадаад, дотоод бодлогын түүхэн уламжлал, өнөөгийн байдал, Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлж болох хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого, зарчим баримталж ажиллах ёстойг тайлбарлан таниулах уур амьсгал дор өрнөжээ.

Ингээд энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАХН Үндсэн хуулийг өөрчилж болох санал гэж тодорхойлсон
 
“2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан иргэд хэн нэгнийг биш, бодлогыг сонгох ёстой, Монгол Улсын Ерөнхийлөгч нь тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа төрийн гадаад, дотоод бодлогыг нэгтгэн зангидаж чадахуйц хүн байх нь зүйтэй. МАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийн төслийг "Үндсэн хуулийг өөрчилж болох санал" гэж тодорхойлсон. Нийгэмд Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй, бага зэрэг өөрчлөх ёстой, бүхлээр нь өөрчлөх ёстой гэсэн гурван байр суурь зэрэгцэн оршиж байна. Энэ цаг үед МАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх саналыг дэмжсэнээр шинэ төрийг сэргээн мандуулах боломжтой.

Намаас үл хамааран улс орныхоо эрх ашгийг бодолцож, бодлогоор нэгдэх ёстой. Монгол Улсад эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үндсэн хуульд, “Засгийн эрх мэдэл ард түмний гарт” гэж бий. Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийг ард түмний хяналтад байлгая. Ард түмний хяналт гэдэг нь боломжтой бол хууль тогтоох эрх мэдлээ дээд, доод гэж ангилья. Дээд эрх мэдэл нь байнгын бус, жилд нэг удаа хуралддаг байя. Доод эрх мэдэл нь байнгын ажиллагаатай байя гэсэн саналуудыг дэвшүүлж байна.

Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн: Олон улсын валютын сангийн барьцаанд орчих шиг боллоо

Гуравдагч хөршийн бодлогоос хоёр хөрш болгоомжлох боллоо. Одоогийн баримталж буй дотоод бодлого нь гадаад бодлогоо саатуулах, гадаад бодлогынхоо барьцаанд орж байна. Бид 1990 оных шиг Олон улсын валютын сангийн барьцаанд орчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл тэдний хэлснээр нийгэм, эдийн засаг, сангийн дотоод бодлогоо явуулахаас өөр аргагүй байдалд оржээ. Үүний буруутан нь бид өөрсдөө. УИХ-аар батлагдаж буй хууль тогтоомжийг харахад өнөөдрийн хөгжлөө тушаж байна. Өнөөдрийн хөгжилгүйгээр маргаашийн хөгжил гэж ярих боломжгүй.
 


Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун: Төвийг сахих бодлогыг намжсан гэж бодож байсан ч...
 
Улстөрч хүн дараагийнхаа сонгуулийг боддог бол төрийн зүтгэлтэн хүн улс орныхоо ирээдүйг боддог. Улстөрч хүн намынхаа төлөө ажилладаг бол төрийн зүтгэлтэн хүн улс орныхоо төлөө зүтгэдэг. Төрийн зүтгэлтэн хүн манлайлахыг хүсдэг бол улстөрч хүн урсгалаараа явж байгаагаа харуулахыг хүсдэг гэсэн ончтой үг бий. Үүнийг манай төрийн өндөр, дээд албан тушаалтнууд бодох ёстой. Төвийг сахих бодлогын асуудал намжсан гэж бодож байсан ч эргээд сэргэлээ. Төвийг сахих бодлого баримталснаар улс орноо гадны халдлагаас хамгаална гэж олон нийтэд ухуулж байна.


Монгол Улсыг төвийн сахих бодлоготой болгохын тулд Ерөнхийлөгч, түүний зөвлөх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэмжлэгийг авахаар хөөцөлдөж байгаа сураг ч дуулдлаа. Монгол Улс эвсэлд үл нэгдээгүй орон бөгөөд гадаад улсаас цэрэг оруулахгүй гэдгээ дэлхий нийтэд зарласан орон шүү дээ. Тэгэхэд одоо юу болж байна вэ?
 
НИТХ-ын дарга асан, НИТХ-ын зөвлөх Ц.Баасанжав: Хууль дээдлэх зарчим алдагдсан байна
 
Хөгжлийг хүний аюулгүй, амар тайван, аз жаргалтай амьдарч байгаагаар л хэмждэг. Үндсэн хуулийг мэдэгтүн, сахигтун гэдэг. Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санааг ойлгохгүйгээр өөрчлөлт хийж болохгүй. Үндсэн хуулиа баримталж, хот тосгоны асуудалд анхаарч ирсэн бол Улаанбаатар хотод өнөөгийн төвлөрөл үүсэхгүй байсан. Төвлөрөл бий болсноор үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, аюулгүй, эрүүл орчин, байгаль орчны тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна.


Хүн амьдрах орчноо чөлөөтэй сонгох ёстой гэсэн томьёолол бий. Гэхдээ энэ нь нэг газар ирээд бүгд бөөгнөрчих гэсэн үг биш. Төвлөрөл үүссэн тохиолдолд хуулиар хязгаарла гэж Үндсэн хуульд заасан байдаг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж бий. УИХ-аас шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай хууль гаргаагүй байхад Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Хууль тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Онцгой бүрэн эрх бусад сувьектэд шилжихгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ мэтээр хууль дээдлэх зарчим алдагдсан байна.
 
С.Отгон 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна