Банкны секторт огцом өөрчлөлт авчирч буй шинэчлэлүүд

2017/03/16
Мөнгө зээлдүүлэх, хадгалах үйлчилгээ нь хүн төрөлхтний түүхэнд нэн эртнээс байсаар ирсэн зүйл юм. Эртний Вавилонд тариа буудайг зээлдүүлэх явдал түгээмэл байсан бол Египет, Ром, Энэтхэг, Хятадад мөнгө зээлдүүлдэг байсныг түүхэн баримтууд гэрчилдэг. Харин орчин үеийн банкны эхлэл нь дундад зууны Европт тавигджээ.

“Банк” гэдэг үг нь өөрөө эртний итали хэлэнд “ширээ” гэдэг утгыг илэрхийлдэг байна. Энэ нь сэргэн мандалтын үеийн Флоренц, Венец г.м. хотуудад мөнгө солих, төлбөр тооцоо, зээлийн гүйлгээнүүдийг ногоон бүтээлэгтэй том ширээний ард хийдэг байсантай холбоотой гэгддэг.

Тэгвэл гар утаснаасаа ихэнх гүйлгээг хийх боломжтой болсон өнөө цагийн банкны үйлчилгээ нь эрт дээр үетэй харьцуулахад танигдахын аргагүй өөр болохын зэрэгцээ ач холбогдол нь ч ихээхэн нэмэгдсэн. Банк яг л харилцаа холбоо, шуудан илгээмж, нийтийн тээврийн нэгэн адил аливаа улс оронд зайлшгүй байх ёстой нэг чухал дэд бүтэц болж хөгжжээ.

Орчин үед хүмүүс цалингаа авахаас эхлээд дэлгүүрт худалдаа хийх, хэн нэгэнд мөнгө илгээх, орон сууц, тог цахилгааны хэрэглээний төлбөрөө төлөх г.м. өдөр тутмын амьдралдаа банктай харилцдаг олон жишээг дурдаж болно.

Өнөөдөр банкны үйлчилгээ нь иргэдийн банк, байгууллагын банкнаас эхлээд мерчант банк, хөрөнгө оруулалтын банк, хувийн банк, офшор банк г.м. олон төрөлд ангилагддаг. Санхүүгийн зах зээл дээрх оролцогчдын хэрэгцээ шаардлагыг хангах, олон төрлийн эрсдэлүүдийг удирдахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд улам л нарийссаар ирсэн. Цаашид технологийн дэвшил, даяарчлал, харилцагчдын хэрэглээг дагаад банк, банкны секторт ихээхэн өөрчлөлт бий болох дүр зураг харагдаж буй.

Ирээдүйд банкны секторыг өөрчлөх, энэхүү салбарт том хувьслыг авчрах үйл явц аль хэдийнээ эхэлчихсэн явж буй бөгөөд, тэдгээрээс дараах 3 зүйлийг онцолж болно:

1. Зүйлсийн интернет буюу “Internet of things”

Технологийн хөгжил дэвшил дундаас сүүлийн үед гол ярианы сэдэв болж буй “Зүйлсийн интернет” нь банкны салбарт ч хувьсал авчраад буй. Жирийн АТМ-ээс эхлээд ПОС машинууд ч үүнд хамаарах бөгөөд банкны гүйлгээ, төлбөр тооцоог түргэн шуурхай, хямд болгосон. Харин одоо ухаалаг гар утас, апликейшнүүдийн хөгжил энэхүү процессыг цоо шинэ шатанд гаргаад буй.

Урьд нь банкны салбарт удаан хүлээж байж хийдэг байсан олон гүйлгээг өнөөдөр автобусанд явж байхдаа ч юм уу, эсвэл хэн нэгнийг хүлээн суух зуураа хэдхэн товч дараад л хийх боломжтой болжээ.

2020 он гэхэд дэлхийд 25 тэрбум орчим ухаалаг төхөөрөмжүүд /гар утас, цаг, таблет г.м/ байх болно гэсэн тооцоо бий бөгөөд, эдгээр төхөөрөмжүүд банктай холбогдсоноор хэрэглэгчдийн хувьд ч, банкуудын хувьд ч ихээхэн өөрчлөлтүүд бий болгохоор байна. Тухайлбал, хөгжсөн орнуудад харилцагчийн гар утаснаасаа хийсэн гүйлгээ нь салбар дээр хийсэн гүйлгээнээсэ 40 орчим дахин бага зардалтай байдаг.

Иймд 2020 он гэхэд Америкт л гэхэд банкны салбарууд 20% цөөрнө гэгдэж буй. Банкны салбар нь цаашид энгийн гүйлгээнүүд хийдэг газар бус, харин төвөгтэй санхүүгийн асуудлуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газар болж хувирна гэгдэж буй.

2. Биг дата (Big data) ба дата аналитик (Business Intelligence)

Сүүлийн үеийн нэг тренд сэдэв болж буй биг дата, дата аналитик программууд ч санхүүгийн байгууллагуудад хэрэглэгчдээ илүү мэдрэх, зах зээлээ нарийн судлах улмаар үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг олгож буй. Ер нь ямар ч санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны маш том хэсэг нь дата үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн датагаа өөрөө хэрэглэх явдал байдаг.

Жишээ нь, Монголд нэг арилжааны банк л гэхэд 300 төрлийн статистик тайлан гаргадаг байх нь ердийн үзэгдэл бөгөөд, зарим ажилтнууд өдөрт 20-30 төрлийн тайлан бэлтгэх нь ердийн үзэгдэл.

Аль ч орны банк санхүүгийн байгууллагууд дата анализаар хоорондоо өрсөлддөг  учраас биг дата, дата аналитикийн программууд хэзээ ч байгаагүй цоо шинэ боломжуудыг бий болгож буй. Өнөөдөр дэлхийд хадгалагдаж буй датаны 90% гаруй нь сүүлийн 2-3 жилд  л бий болсон байдаг.

Хадгалах төхөөрөмжүүдийн хүчин чадал огцом сайжирсан нь энэхүү боломжийг бий болгосон. Банк, санхүүгийн байгууллагуудын хувьд энэ нь хэрэглэгчдийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж хадгалаад, тухайн харилцагч бүрт яг тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зөв цагт нь санал болгох боломжийг нэмэгдүүлж буй.

3. Даяaрчлал

1980-аад оноос эхлэн хөгжсөн орнуудад санхүүгийн либералчлал явагдаж, олон хатуу дүрэм журмууд зөөлрөхийн зэрэгцээ мөнгөнийн урсгал олон улсад хурдтай шилжих болжээ. Үндэстэн дамнасан олон улсын банкууд хүчээ авч, Нью-Йорк, Лондон, Хонг-Конг шиг дэлхийн санхүүгийн төвүүдийн ач холбогдол эрс нэмэгдсэн байдаг. 5 сая хүн амтай Сингапурт л гэхэд 130 орчим банк үйл ажиллагаа явуулдгаас ердөө 5 орчим нь л Сингапурын өөрийнх нь банк юм.

Сүүлийн 30 жилийн Азийн орнуудын өндөр өсөлт энэхүү процессыг улам түргэтгэсэн байдаг. Харин хөгжсөн орнууд, тэр дундаа Япон гэх мэт хүн ам нь буурч, зах зээл нь тогтонги болсон орнуудын мега банкууд дотооддоо хумигдаж буй зах зээлээ нөхөхийн тулд бизнесээ олон улсад идэвхтэй тэлэх болов. Үүн дээр нэмэгдээд эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх шаардлага тулаад буй Хятадын бодлого илүү гадагш чиглэсэн чиг хандлагад шилжээд байгаа нь дэлхийн санхүүгийн ертөнцөд том өөрчлөлтийн давалгааг бий болгохоор байна.

Активын хэмжээгээрээ ч, ажилтны тоогоороо ч аль хэдийн дэлхийд хамгийн томд тооцогдох болсон банкууд Хятадын “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 60-аад оронд үйл ажиллагаагаа өргөжүүлэх амбицтай байгаа нь олон улс орны банк санхүүгийн тогтолцоонд том нөлөөг үзүүлэхээр байна.

Хэдийгээр технологийн дэвшлүүд нь өнөөдөр банк, санхүүгийн салбарт ихээхэн боломжийг бий болгож, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж буй ч, том сорилтуудыг ч мөн өмнө нь авчраад байна.

Тухайлбал, технологийн компаниуд аль хэдийн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, банкуудын санал болгодог уламжлалт үйлчилгээг илүү хямд, үр ашигтай, хурднаар гүйцэтгэх өрсөлдөгчид нь болжээ. Цахим мөнгөний үүргийг гүйцэтгэгч Биткойн, эсвэл Apple Pay г.м. үйлчилгээнүүд нь банкуудын төлбөр тооцооны бизнесийг бага багаар булаасаар байна. Технологийн хөгжлийг дагаад ийнхүү хурдтай хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн ертөнцөд гүйцэтгэх Төв банкны үүрэг роль ч бас урьдын хэвээр үлдэхгүй болов уу.
 
Б.Түмэнцэнгэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна