2012 оны УИХ-ын сонгуулиар шүүх тогтолцооны нэг багана нурж унасан гэдэгтэй олон хүн маргахгүй байх. Өвөрхангайд нэр дэвшиж өвдөг шороодсон Г.Батхүү Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн шийдвэрээр УИХ-д заларсан нь тухайн үедээ багагүй хэл ам дагуулж байлаа.
Өвөрхангайчуудын сонголтыг уландаа гишгэж, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдсан шүүгчийн энэхүү эргэлзээтэй шийдвэр өдгөө ч шүүхийнхний хувьд яс хавтайм түүх. Таван жилийн дараа шүүх дахин нэг нүүр улайм үйл явдалтай учирлаа. Түүнд мөнөөх л “Архи, Пиво, Ундаа”-гаар овоглосон Г.Батхүү нэр холбогдох юм чинээ хэн ч санаагүй биз. Сэдэв нь халуун байгаа учраас уншигчид түвэггүй ойлгох биз.
Өчигдөр АН-ынхан бүх гишүүдээсээ сонгогдсон дарга, Үндсэн дүрэмдээ орсон хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр очжээ. Шүүгчид асуудлыг уриалгахан хүлээн аваад намын даргыг нь бүртгэж, Үндсэн дүрмийн өөрчлөлтийг нь бүртгэхээс түдгэлзэж байгаагаа эелдгээр мэдэгджээ. Мөн өчигдөр АН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Зарим нэг тооны зөрүү, редакцын засварын асуудал байгаа. Энэ асуудлаа шийдвэрлээд Дээд шүүхэд материалаа дахин хүргүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ Дээд шүүхийнхний тавьж байгаа шаардлага, хэлж байгаа үг нь ихэд эргэлзээ төрүүлэм байсныг онцолсон юм.
Цаг хугацааг багахан ухрааж АН-ын VII Их хурал руу шилжүүлье. Уг хурал дээр АН-ын гишүүд нийслэл, аймаг, сум, дүүргийн намын хороо, үүрүүдээрээ Үндсэн дүрмийн төслөө хангалттай хэлэлцсэн тул цаг хугацаа хэмнэх үүднээс бөөнд нь санал хурааж баталъя гэдэг дээр санал нэгджээ. Гэтэл үүнийг ганцхан хүн буюу Г.Батхүү эсэргүүцэж, зүйл заалт бүрээр нь санал хураалгая хэмээн заалнаас хашгирч байсан аж. Гэхдээ олонхийн саналаар бөөнд нь санал хурааж баталсан аж.
Тухайн үед Г.Батхүүгийн хэлж байсан үгийг Улсын Дээд шүүхийн нэр бүхий шүүгч үг үсэггүй давтан хэлж байсан нь АН-ынхны гайхшралыг төрүүлжээ. Г.Батхүү, Улсын Дээд шүүхийн шүүгч хоёр ийн үгссэн мэт үг үсгийн зөрүүгүй шаардлага тавьж байгаа нь 2012 оны сонгуулийн будлианыг эргэн сануулж, Г.Батхүү гэдэг хүн шүүхэд ямархан нөлөөтэй болох талаар эргэцүүлэхэд хүргэж байгаа аж. Гэхдээ Г.Батхүүгийн тавьсан шаардлага гишүүдийн дэмжлэг хүлээгээгүй бол Дээд шүүхийн шүүгчийн тавьж байгаа шаардлага хуульд нийцээгүй, улс төрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон, хэн нэгний эрх ашигт автсан байх магадлалтай байгааг онцолсон юм. Учир нь, Дээд шүүх улс төрийн намуудад дүрмийг баталж өгдөг байгууллага биш. Ялангуяа АН шиг ардчилсан намд бол бүүр ч үгүй. Харин Дүрэмд орсон өөрчлөлтийг нь хуульд нийцсэн эсэхийг шалгаад бүртгэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага.
Тэрчлэн улс төрийн намыг дүрмээ тус тусад нь батал, эсвэл бөөнд нь батал гэдэг ч юм уу процедурыг нь зааж өгдөг байгууллага бүүр ч биш. Харамсалтай нь, шүүгчид үүн дээр бүдүүлэг алдаа гаргажээ. Тиймээс энэ алдаагаа засч хэн нэгэн олигархи хөрөнгөтний халаасанд багтаагүй гэдгээ АН-ын 200 мянган гишүүнд батлах л үлдлээ.
С.Саруул
Сэтгэгдэл бичигдээгүй байна